Улаанбаатар хотын арваннэгдүгээр сарын агаарын чанарын төлөв байдлыг Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргалаа.
Нийслэлийн агаарын чанарыг гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчмын 18 цэгт агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), РМ2.5, PM10 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), озон (О3) болон цаг уурын үзүүлэлтүүдийг автомат багажаар тодорхойлжээ.
2022 оны хүйтний улирлын арваннэгдүгээр сарын Улаанбаатар хотын агаар дахь агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны мөн үеийн дундаж агууламжтай харьцуулахад PM2.5 тоосонцор 10 мкг/м 3-ээр буюу 15 хувиар, PM10 тоосонцор 33 мкг/м 3-ээр буюу 25 хувиар, хүхэрлэг хий (SO2) нь 7 мкг/м3-ээр буюу 8 хувиар бага байна. Харин азотын давхар исэл (NO2) нь 2 мкг/м3-ээр буюу 4 хувиар их байлаа.
РМ2.5 тоосонцор
Улаанбаатар хотын агаар дахь PM2.5 тоосонцор 2022 оны 11 дүгээр сарын дундаж агууламж 55 мкг/м3 байна. 2021 оны мөн үеийн дундаж агууламжтай харьцуулахад 15 хувиар бага байна. Харин агаарын чанарын стандарт MNS 4585:2016 дахь хүлцэх агууламжаас 1.1 дахин их байна.
РМ10 тоосонцор
Агаар дахь PM10 тоосонцрын 2022 оны 11 дүгээр сарын дундаж агууламж 97 мкг/м3 байна. 2021 оны мөн үеийн дундаж агууламжтай харьцуулахад 25 хувиар бага байна. Агаарын чанарын стандарт MNS 4585:2016 дахь хүлцэх агууламжаас хэтрээгүй.
Азотын давхар исэл (NO2)
Азотын давхар ислийн 2022 оны 11 дүгээр сарын дундаж агууламж 51 мкг/м3 байна. 2021 оны мөн үетэй харьцуулахад 4 хувиар их байна. Агаарын чанарын стандарт MNS 4585:2016 дахь хүлцэх агууламжаас нэг дахин их байна.
Хүхэрлэг хий (SO2)
Агаар дахь хүхэрлэг хийн 2022 оны 11 дүгээр сарын дундаж агууламж 85 мкг/м3 байна. 2021 оны мөн үетэй харьцуулахад 8 хувиар бага байна. Харин агаарын чанарын стандарт MNS 4585:2016 дахь хүлцэх агууламжаас 1.7 дахин их байна.