Шатахууны саванд түймрийн улмаас үүссэн лагийг соруулах үеэр хайж байсан хоёр иргэний цогцсыг олжээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг “Тэс петролиум” ХХК Шатахуун агуулах нөөцийн сав /резервуар/ дэлбэрсний улмаас гал гарч нэг ажилтан амиа алдсан бол хоёр ажилтныг хайж байгаа тухай ОБЕГ-аас мэдээлж байв.

Тухайн саванд гал түймрийн улмаас үүссэн лагийг соруулах үйл ажиллагаа явагдсан байна. Энэ үеэр сав руу унасан байх магадлалтай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаанд онцгой байдлын, цагдаа, эмнэлгийн байгууллага, “Тэс петролиум” компанийн ажилтнууд ажиллаж 49 настай, эрэгтэй, 43 настай, эмэгтэйн цогцсыг гарган Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн алба хаагчид “Тэс петролиум” ХХК-ийн шатахуун агуулах нөөцийн саванд үлдсэн АИ-92 бензинийг соруулах ажиллагааг гал гарсан өдрийн 23:25 цагаас эхлэн арванхоёрдугаар сарын 2-ны 20:00 цаг хүртэл 372 тонныг 40 тоннын есөн авто цистернээр соруулж, тухайн компанийн хашаанаас гарган, цагдаагийн хамгаалалтад авсан байна.

Эх сурвалж: ОБЕГ