Холын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар шалгахыг сэрэмжлүүлж байна.
Тодруулбал, Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн иргэн А нь эхнэр, нэг настай охины хамт сураггүй алга болсон талаарх мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газраас өнгөрсөн Лхагва гарагт Хилийн цэргийн 0130 дугаар ангид мэдэгджээ.
Ангиас эрэн хайх ажиллагааг нэн даруй эхлүүлснээр тухайн өдөр иргэн А-гийн эхнэр, нэг настай охины хамт машиндаа бээрсэн, захын эрхтэн хөлдсөн байдалтай байсныг олж, эмнэлгийн анхан шатны тусламжийг яаралтай үзүүлсэн байна.
Болсон үйл явдлыг тодруулахад, иргэн А нь эхнэр, нэг настай охины хамт арваннэгдүгээр сарын 27-ны өдөр буюу тусламж ирэхээс гурав хоногийн өмнө Булган голын чиглэлд зорчих үед унаж явсан автомашин нь эвдэрч, сүлжээ тасарчээ. Иймд тэрбээр тусламж дуудах зорилгоор эхнэрээ охины хамт машиндаа үлдээгээд явсан аж. Харамсалтай нь иргэн А нь машинаасаа 3 км зайд осгож нас барсан байдалтайгаар олдсон болохыг Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ.
Иймд эрс хүйтэрч байгаа энэ үед иргэд хол замд явахдаа өөрсдийн аюулгүй байдлыг хангаж зорчихыг анхааруулав.