Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өнгө асфальт бетон хучилтын зузааныг нэмэгдүүлэх, төслийн нэгж байгуулах ажил тодорхой шийдэлд хүрчээ.
Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны /ЕСБХБ/ Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес Такач ирэх онд хийгдэх ажлын нарийвчилсан төлөвлөгөөг энэ оны арванхоёрдугаар сарын 15-нд багтаан ирүүлэхийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогттой хийсэн уулзалтын үеэр мэдэгдсэн байна.
2023 онд Дарханы замыг бүрэн дуусгахад харилцан санал зөвлөмжөө солилцож, шуурхай үр дүнтэй ажиллахад анхаарна гээд Дархан-Алтанбулагийн 113 км, Налайх-Баян чиглэлийн 58 км авто замыг өргөтгөх зураг төсөл бэлэн болсныг дурдаж энэ мэт авто замын томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд санал болгожээ.
ЕСБХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес Такачи Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой авто замын томоохон төслүүдээ эрэмбэлж ирүүлэхийг хүсээд Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод туссан төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтойг тэмдэглэв.
“Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөлийн төсөл” ЕСБХБ-ны хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа юм.