FIFA-2022: Герман, Хорватууд хожиж, Япон, Бельгийн баг ялагпал хүлээлээ

“Катар-2022” ДАШТ-ий хоёрдугаар тойргийн ээлжит тоглолтууд боллоо.

ЯПОН 0 – 1 КОСТА РИКА

Эхний тоглолтдоо Германыг хожиж, шуугиан тариад байсан “Хөх самурайнууд” энэ удаад Коста Рикад хожигдлоо. Испанид бут ниргүүлсэн Коста Рика эхний оролдлогоороо гоол хийсэн нь энэ өдрийг онцлох үзүүлэлт байв. Кейшер Фуллер тоглолтын 81 дэх минутад Японы арын шугамын алдааг овжиноор ашиглаж, багтаа тун чухал хожлыг авчирсан юм. Япончууд тооны харьцааг тэнцүүлэх боломжтой байсан ч Кейлор Навас аргагүй дэлхийн топ хэмжээний хаалгач гэдгээ харуулав.

БЕЛЬГИ 0 – 2 МОРОККО

Бельгийн хөлбөмбөгийн алтан үе төгсөх шатандаа орсныг энэ тоглолт харуулав. Азар нь Азар биш болж, Лукаку гэмтлийн улмаас формгүй, Тибо Куртуа болчимгүй алдаа гаргав. Тоглолтын 73 дахь минутад Абделхамид Сабири чөлөөт цохилтоос гоол оруулан энэ удаагийн ДАШТ-ий хөдөлгөөнгүй бөмбөгнөөс орсон анхны гоолыг бүртгүүлсэн. Хурц өнцгөөс шууд хаалга руу цохино гэж Тибо Куртуа бодсонгүй. Бельгийн унтаа довтолгоо тооны харьцааг тэнцүүлэх гэж оролдсон ч нэг л болсонгүй. Эсрэгээрээ шүүгчийн мэдлийн нэмэлт 90+2 дахь минутад Закариа Абухлал гоолдож, тоглолтыг шийдэв.

ХОРВАТ 3 – 1 КАНАД

Тоглолт дөнгөж эхлээд Канадын Алфонсо Дэвис энэ ДАШТ-ий хамгийн хурдан гоолыг оруулсан. Жон Хердманы залуус өнгөрсөн дэлхийн аваргын мөнгөн медальт Хорватын хаалганд дөнгөж 2 дахь минутад гоолдсон нь энэ байлаа. Мөн энэ гоол Канадын ДАШТ-д оруулсан анхны түүхэн гоол байсан юм. Магадгүй энэхүү гоол унтаж буй барыг сэрээх шалтгаан байв. Хорватаас Андрей Крамарич, Майер нар дараалан гурван гоол оруулж, залуу Канадын багт хичээл заалаа.

ИСПАНИ 1 – 1 ГЕРМАН

Никлас Фуллкругийн сэлгээ Германыг хожигдлоос аврав. Хэрэв энэхүү тоглолтод Испани хожсон бол Германы нөхцөл байдал тун ээдрээтэй болж ирэх байсан. Тоглолтын эхний гоолыг 62 дахь минутад Алваро Мората оруулж, Испани тэргүүлсэн. Ханси Флик ч байдал эвгүйтсэнийг ойлгож, давхар сэлгээнүүдийг тэр дор нь хийсэн. Ялангуяа бэртэлтэй, тоглохгүй гэж байсан Лерой Сане талбайд гарч ирсэн.

Ердөө 11 өдрийн өмнө шигшээ багийнхаа төлөө анхны тоглолтоо хийсэн Фуллкруг энэ өдөр Германы азын од нь байж, Унай Симоны хаалганд гоол оруулж чадсан юм. Угтаа үүнээс өмнө Германаас Антонио Рудигер гоол оруулсан ч отон тоглолтод орсон байжээ.