Хорооны Хамтарсан багийн туршлага судлах сургалт, уулзалт боллоо

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах зорилготой “Хамтарсан багийн туршлага судлах сургалт, уулзалт”-ыг 2018 оны 06 сарын 20, 21-ний өдрүүдэд Нийслэлийн иргэний танхимд зохион байгууллаа.

Уг сургалт уулзалтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллага хамтран зохион байгуулж байна.

Туршлага судлах сургалт, уулзалтад Дэлхийн Зөн Олон улсын байгууллагын төсөл хэрэгждэг Нийслэлийн 43 хорооны хамтарсан багийн 215 гишүүд оролцох бөгөөд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хүрээнд хийгдэх ажлуудыг эрчимжүүлэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэргүүн туршлага нэвтрүүлэх, хүүхэд гэр бүлд зөвлөгөө мэдээлэл өгөх, хүүхэд хамгааллын үйлчилгээг хамтарсан багаар үзүүлэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж буй Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн эмнэлэг, Хууль зүй дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн туслалцааны төв, “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Түр хамгаалах байр, Монголын Сос хүүхдийн хотхон гэсэн 5 байгууллагуудын үйл ажиллагаатай танилцана.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар Нийслэлийн хэмжээнд Хамтарсан багаар ажиллаж үйлчилгээ үзүүлж байгаа нийт 615 кейс байна.  Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг 1375 хүүхдэд үзүүлснээс кейс нээж хамтарсан багаар ажилласан нь 320 хүүхдэд, богино хугацааны үйлчилгээг 1055 хүүхдэд үзүүлсэн байна гэж нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас мэдээллээ.