Аялал жуулчлалын тухай хуулийг Даваа гарагт УИХ-д өргөн барихаар болжээ.
"Хуулийн гол агуулгын хүрээнд хязгаарлалтууд болон эдийн засгийг боомилсон тодорхой заалтуудыг оруулахгүй. Эдийн засгийг дэмжих эрхзүйн орчныг бүрдүүлсэн хууль байна гэж харж байгаа. Хуулийг дагалдаад 12 орчим хуульд өөрчлөлт орно.
Агаарын тээврийн либералчлалыг хийх ёстой. 2023, 2024, 2025 онд Монгол Улс бүх онгоцыг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр хүлээн авахтай холбоо бүхий асуудлыг шийдвэрлэнэ.
Аялал жуулчлалд эргэн зарцуулагддаг мөнгийг гаргах ёстой гэж харж байгаа. КОВИД-ын өмнөх буюу 2019 онд 577,000 жуулчин 600 гаруй сая ам.долларыг Монгол Улсын төсөвт оруулсан. Гэхдээ энэ нь эргээд аялал жуулчлалын салбарт бодлогын хүрээнд зарцуулагдаж байгаа эсэх нь тодорхой бус байдаг. Тиймээс аялал жуулчлалыг хөгжүүлэх санг хувийн хэвшлийн оролцоотойгоор бий болгох хэрэгтэй гэж харж байгаа.
Дотоодын агаарын тээврийг дэмжинэ. Нүхэн жорлонгийн асуудлыг шийдвэрлэнэ.
Аялал жуулчлалын компаниудын зөвшөөрлийг гурав хувааж байгаа. Өндөр хөгжилтэй орны иргэдийг Монгол Улсад зорчих визээс чөлөөлөх, цахим визийг илүү олгох зэрэг заалтуудыг хуульд оруулж байна" хэмээн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээллээ.
Түүнчлэн навигациас орж ирж байгаа төлбөрөөс дотоодын авиа компаниудад дэмжлэг үзүүлэх, ирсэн жуулчин болгонд НӨАТ-ын буцаан олголтыг 100% өгөх заалтыг шинэ хуульд тусгажээ.