Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хаяг, байрлалаа мэдэхгүй иргэд тусгай дугаарын утсанд дүрст дуудлага өгөх боломжтой болжээ.
Тодруулбал, ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс 102, 103, 101, 105 тусгай дугаар гэмт хэрэг, зөрчил, гал түймэр, гамшиг осол, эмнэлгийн түргэн тусламжийн дуудлага, мэдээлэл хүлээн авахдаа видео дүрсээр дуудлага хүлээн авах технологийг боловсруулж, өнгөрсөн сараас ашиглаж эхэлсэн байна.
Ингэснээр алба хаагч шаардлагатай тохиолдолд дуудлага өгч буй иргэний зөвшөөрлөөр гар утасных нь камерын дүрсийг нээн харж, харилцах боломжтой болжээ.
Энэ нь тухайн нөхцөл байдалтай шууд танилцах, зөвлөгөө өгөх, болж буй үйл явдалд бодит үнэлэлт, дүгнэлт өгөх, үйл явдлыг баримтжуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хаяг, байрлалаа мэдэхгүй байгаа иргэдэд шуурхай тусламж үзүүлэх зэрэг ач холбогдолтой аж.