Үндэсний хөлбөмбөгийн багийнхаа түүхэн ялалтыг тэмдэглэж Саудын Араб улсад өнөөдөр бүх нийтээр амрах болжээ. 36 тоглолт дараалан нэг ч хожигдолгүй явсан Аргентины шигшээг дэлхийн чансааны 51-т эрэмбэлэгддэг залуу баг буулган авсан нь жинхэнэ дуулиан тарьсан юм.
Тус улсын засгийн газраас лхагва гарагт бүх төрийн байгууллага болон хувийн хэвшил, боловсролын бүх шатны байгууллагын амралтын өдөр болгон зарлалаа.
Өчигдөр шигшээ багийн тоглолтыг үзүүлэхийн тулд их, дээд сургуулиудад үдээс хойш хичээл ороогүй бол хотын гудамж талбай эзгүйрч, кафе, ресторанд эмэгтэйчүүд эрчүүдтэй зэрэгцэн сууж хөлбөмбөг үзсэн нь исламын хатуу дэг жаягтай улсад ховор үзэгдэл байлаа.