Орос-Украины мөргөлдөөн манай улсын өрх гэр, бизнест үзүүлсэн нөлөөний талаарх судалгааг Эдийн засгийн судалгааны хүрээлэнгээс танилцуулав.
Эмзэг бүлгийн өрх түүвэр судалгааг хийхдээ Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Ховд, Сэлэнгэ, Архангай, Өмнөговь, Дорнод аймгийн 602 зорилтот бүлгийн өрх, орон нутгийн удирдлагын 20 төлөөллийг хамруулсан байна.
Зорилтот бүлгийн өрхийн хоол хүнс, шим тэжээлийн байдлын талаарх судалгааг танилцуулбал,
Хүнсний хэрэглээ буурсан 266 өрхийн 71.4% нь хямд буюу чанаргүй хүнс хэрэглэх болсон.
Хүнсний хэрэглээ багассан өрхийн 36.1% насанд хүрэгчдийн, 12% хүүхдүүдийн өдөрт хооллох давтамж эсвэл хоолны хэмжээг багасгасан.
Хүнсний хэрэглээ багассан өрхийн 29.7% буюу 79 нь дэлгүүрээс хүнс зээлсэн.
Зорилтот бүлгийн өрхүүд хүнснээс бусад хэрэглээгээ танаад зогсохгүй мах, гурил, хүнсний ногоо зэрэг гол хүнсний хэрэглээгээ багасгах болжээ.
Хүнсний талон авдаг өрхийн 75%-ийг хүнсний талоноор авдаг хүнсний биет хэмжээ буурсан.
Энэ нь зорилтот бүлгийн өрхүүдийн хоол тэжээлийн дутагдалд орох эрсдэлийг нэмэгдүүлж байгаа талаар Эдийн засагч З.Манлайбаатар хэлж байлаа.
Мөн үргэлжлүүлэн "Хүнсний хэрэглээ нь буурсан 266 өрхийн 16.2 хувь нь нэг ба түүнээс дээш хоног хоол идээгүй хоносон. Харин долоо ба түүнээс дээш хоног хоол идээгүй 5 тохиолдол байна.
Дор хаяж нэг хоногийг хоолгүй өнгөрүүлсэн 43 өрхийн 58.1 хувь буюу 25 өрх нь эмэгтэй өрхийн тэргүүнтэй, 42% нь эрэгтэй өрхийн тэргүүнтэй. Мөн нэг хоногийг хоолгүй өнгөрүүлсэн 43 өрхийн 83.7% буюу 36 өрх нь хотод оршин суудаг" хэмээн судалгааны дүн мэдээллийг танилцуулав.
Нэг ба түүнээс дээш хоног хоолгүй хоносон байдал, өрхийн бүлгээр авч үзвэл:
Хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй өрх 19
Хүнсний талон авдаг өрх 18
Гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх 8
Сүүлийн 2 жилд шилжин суурьшсан 5
Зорилтот бус 5
Ганц бие өндөр настан 4
Өндөр настай өрхийн тэргүүнтэй өрх 3 тус тус байгаа юм.