Барилгын өртгийн ерөнхий индекс 2022 оны гуравдугаар улиралд 221.9 болж, барилгын өртөг өмнөх оны мөн үеэс 23.4%, өмнөх улирлаас 8.3% өссөнийг Үндэсний статистикийн хороо танилцуулсан.
Барилгын өртгийн индекс гэж барилга, байгууламжийг барьж байгуулахад зарцуулж буй барилгын материал, машин, механизм, цалингийн үнийн өөрчлөлтийг илэрхийлнэ.
Барилгын өртгийн ерөнхий индекс нь 2015 онд 100 байсан бол ийнхүү 2022 оны III улирлын байдлаар 2.2 дахин өсжээ.
Эх сурвалж: ҮСХ
Графикийг харвал 2020 оны сүүлийн улирлаас эхлэн тус салбарын өртөг огцом нэмэгдсэн байна.
Орон сууцны барилгын өртгийн индекс III улиралд 261.3 болж, өртөг нь өмнөх оны мөн үеэс 28.6 хувь, өмнөх улирлаас 8.5 хувиар өсөв. Орон сууцны барилгын өртөг өмнөх улирлаас 8.5 хувиар өсөхөд
материалын өртөг 8.3 хувь,
машин механизмын түрээсийн зардал 14.9 хувь,
цалингийн зардал 7.6 хувиар тус тус өссөн нь нөлөөлжээ.
Орон сууцны бус барилгын өртгийн индекс тайлант хугацаанд 215.9 болж, өртөг нь өмнөх оны мөн үеэс 22.5 хувь, өмнөх улирлаас 8.2 хувиар өссөн байна. Өмнөх улирлаас ийнхүү 8.2% өсөхөд
сургуулийн барилгын өртөг 9.4 хувь,
эмнэлэг, сувиллын барилгын өртөг 5.7 хувь,
конторын барилгын өртөг 11.8 хувиар тус тус өссөн нь нөлөөлсөн байна.
Инженерийн барилга, байгууламжийн өртгийн индекс III улиралд 160.1 болж, өртөг нь өмнөх оны мөн үеэс 12.1 хувь, өмнөх улирлаас 9.6 хувиар өсжээ. Энэхүү өсөлтөд авто замын байгууламжийн өртөг 10 хувь, эрчим хүчний байгууламжийн өртөг 6.9 хувиар өссөн нь нөлөөлжээ.