МУБИС-ийн профессор С.Эрдэнэмаам: ЭЕШ-ийн материал боловсруулах, хүргэх явцад булхай луйвар орох боломжгүй

ЭEШ-ыг нууцлалын болон мэргэжлийн өндөр түвшинд хэрхэн бэлддэг тухай МУБИС-ийн профессор С.Эрдэнэмаамын тэмдэглэл тэмдэглэлийг хүргэж байна. 


      ЕБС төгсөгчдөөс авдаг ЭEШ буюу элсэлтийн шалгалтын материал бэлтгэх ажилд дайчлагдан, хотоос хол орших нэгэн амралтын газарт, интернэтгүй, гар утасны сүлжээгүй орчинд, цагдаагийн харуул хамгаалалтын дор нэг бүтэн сар ажиллаад ирлээ. Эхний арав хоногт хийх юмаа хийгээд, шалгаж нягтлаад тушаачихсан ч, материалын нууцыг хадгалах үүднээс ЭEШ-ын хамгийн сүүлийн шалгалтын материал бүхий дугтуй задрах өдөр, цаг мөчийг хүртэл тэндээ байлаа. Үндсэндээ хорь орчим хоног амралтын байдалтай байв. Эхний арав хоногт ажлаа дуусгасан гэдэг нь миний сайных биш, бэлтгэсэн материалаар маань хэвлэлийн эх бэлтгэх, хянах, хэвлэх, холих, дэвтэрлэх, дэвтэр нэг бүрд шалгалтын хуудас хавчуулах, “А, B, C, D, E” хувилбар бүрээр нь нэг багцад оруулан дараалуулах, аймаг аймгаар нь, шалгалтын цэг болгоноор нь тоолж дугтуйлах, лацдах, хайрцаглах, битүүмжлэх, ачиж хүргэх зэрэгт их хугацаа орох учраас мэргэжил мэргэжлийн багш нар бүгдээрээ л нэг иймэрхүү эрт суларчих жишээтэй. Энэ жил ЕБС-ийн энэ жилийн хийгээд өнгөрсөн жилийн төгсөгч нийлээд 43 гаруй мянган хүн шалгуулах гэнэ. Нэг элсэгч дунджаар 5 шалгалт өгдөг гэвэл даруй 215 мянга гаруй шалгалтын дэвтэр бэлтгэж байна гэсэн үг. Шалгалтын нэг дэвтэр дунджаар 9 хуудастай гэвэл бидний хийсэн бүх ажил нийлээд 1, 935, 000 нүүр бүхий болжээ. 
ЭЕШ-ыг зохион байгуулах нь хэмжээ далайц, зарцуулж буй хөрөнгө зардлаараа УИХ-ын сонгуулийн дараа ордог томоохон кампанит ажил юм байна. Үүнд улсын хэмжээгээр 14 мянга гаруй хүн дайчлагдан оролцдог гэнэ. Зөвхөн ЭЕШ-ын материал бэлтгэхэд Боловсролын үнэлгээний төв /БҮТ/-өөс ихээхэн хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулж байна. Тест боловсруулах 20 (их сургууль, ЕБС-иас 10 хичээл тус бүрээр нэг), экспертиз хийх 10, нийлээд 30 багш, хэвлэлийн 10 ажилтан, холих, дэвтэрлэх, хайрцаглах ажилд туслах 16 оюутан, харуул хамгаалалтын дөрвөн цагдаа гээд бүгд 60 шахам хүнийг бүтэн сар байрлуулах, хооллох, дээрх хэмжээний материалыг хэвлэх, олшруулахад 160 гаруй сая төгрөг орно гэж сонссон. Биднийг ийнхүү нэг дор аваачиж байрлуулан ажиллуулахыг “пост” гэж нэрлэдэг юм билээ. Үүнээс өмнө хаяг шошго, лац, хайрцаг сав, уут, баглаа боодол, шалгалтын цэгүүдийн тухай мэдээ мээлэлэл гэх зэрэг нарийн ширийн ажлын бэлтгэл хангах пост гэж тодорхой тооны хүн бүхий баг 10 гаруй хоног ажилладаг гэсэн, үүнд бас л нэлээд (60 гаруй сая) мөнгө орсон гэсэн. Энэ бүхэн ЭЕШ-ын материалыг ЕБС-ийн хичээлийн агуулга, стандарт, хөтөлбөрийн шаардлагад нийцүүлэн алдаа мадаггүй, чанартай сайн боловсруулах л зорилготой. Тэр олон арван мянган хүүхдийн ирээдүйн хувь заяаг шийдвэрлэх энэ нүсэр том бөгөөд асар их хариуцлагатай ажлыг чин үнэнчээр зохион байгуулах, хүүхэд нэг бүрийн хувь заяа гадны ямар нэгэн зүйлээс биш, зөвхөн өөрөөс нь л шалтгаалан үнэнхүү шударгаар шийдвэрлэгдэх тийм орчин нөхцлийг бүрдүүлэхэд л чиглэж буй юм. 
Дээрх зорилгыг хангах өөр нэгэн чухал нөхцөл бол эдгээр материалыг бэлтгэх багш нарын багийг сонгон бүрдүүлэх явдал. Элсэгчийн гүйцэтгэх шалгалтын тестийг нэгдүгээрт, шинжлэх ухааны хувьд үнэн зөв, хоёрдугаарт, ЕБС-ийн агуулга, стандарт, хөтөлбөр, сурах бичгийн түвшинд яв цав нийцүүлэн бэлтгэсэн байх шаардлагатай. Чухам л энэ хоёр шаардлагыг бүрэн дүүрэн хангах үүднээс их сургууль, ЕБС-иас нэг нэг багшийг авдаг байна. Энэ жил улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй арав орчим иргэн ЭЕШ өгөх тул шалгалтын материалыг тэдэнд зориулан хөрвүүлэх ажлаар тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр мэргэшсэн хоёрын хоёр багш ажиллаж байх жишээтэй. Ингэхдээ дурын хүнийг биш, шилдгүүдээс нь сонгодог гэнэ.

Энэ жилийн хувьд л гэхэд эдгээр 32 багш дотор эрдмийн зэрэг цолтой 10, үүнээс доктор дөрөв, доктор, дэд профессор дөрөв, доктор, профессор хоёр, мэргэжлийн магистр 13, мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй багш тав, мэргэжлийн зөвлөх зэрэгтэй хоёр, ЕБС-ийн сурах бичиг зохиох багийн ахлагч, гишүүн буюу сурах бичгийн зохиогч тав, БСШУСЯ-ны дэргэдэх ЕБС-ийн сурагчдын улсын төрөлжсөн олимпиад зохион байгуулах дэд хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн тав, улсын олимпиадын аварга багш зургаа, үүнээс хоёр удаагийн аварга хоёр, дөрөв, тав, найман удаагийн аварга тус бүр нэг,  дэд аварга болон 2-3 дугаар байрын шагналтан дөрөв, тусгай байрын шагналтан хоёр, үндэсний сургагч багш гурав, улсын болон нийслэлийн мэргэжлийн ур чадварын аварга дөрөв, дэд, гутгаар болон тусгай байрын шагналтан 6, аймаг, нийслэлийн олимпиадын аварга 7, дэд, гутгаар болон тусгай байрын шагналтан тав, тэргүүлэх багш зэрэглэлтэй дөрөв, зөвлөх багш зэрэглэлтэй гурав байлаа. Үүний зэрэгцээ бэтгэсэн шавь нараас нь олон улсын олимпиадаас медаль хүртсэн гурав, улсын олимпиадаас медаль хүртсэн 9 /дунджаар 15 шавь нь тус бүр дөрвөн медаль/ багш байна. 
ЭЕШ чин шударга явагдахын бас нэгэн чухал нөхцөл бол нууцлал юм. Дээр өгүүлсэнчлэн, интернэтийн сүлжээ, гар утасгүй орчинд, дөрвийн дөрвөн цагдаагийн 24 цагийн хяналт, тусгалынх нь огтлолцох өнцгийг хүртэл нарийн сайн тооцоолон байрлуулсан хяналтын арав гаруй камерын дор ажиллаж байгаа учраас эндээс тестийн талаар ямар нэгэн мэдээлэл гадагш алдагдах “сүв” байхгүй. Үүнээс гадна, бүх хичээлийн тест нэг бүрийн зөв хариуг зөвхөн “А”-д тааруулан байрлуулах “тушаалтай”. Харин жинхэнэ түлхүүрийг БҮТ-ээс санамсаргүй түүврийн аргаар боловсруулаад, тухайн хичээлийн тестийг яг хэвлэхийнх нь өмнөхөн багшид өгч байгаа нь нууцлалыг улам чамбайруулсан сайн шийдэл болжээ.
Лацдаж бэлэн болгоод, хайрцаглаж битүүмжилсэн материалуудыг түгээх болоход Тагнуулын ерөнхий газрын тусгай шуудангийнхан ирээд ачаад явах бөгөөд тэд өөрсдөө, тусгай тоноглосон машинаар аймаг, нийслэлийн шалгалтын төвүүдэд биечлэн хүргэдэг байна.
Иймд ЭЕШ-ын материал боловсруулах, хэвлэх, хүргэхтэй холбоотой аливаа нэгэн будлиан, булхай гарах, нууц алдагдах ямар ч боломжгүй юм байна гэдгийг нийт шалгуулагч, эцэг эхэд зориуд ойлгуулахын тулд энэхүү зүйлийг тэрлэсэн бөлгөө.

“Цэнгэлийн манлайд хүрэхийг ...” гэдэг шиг, “шалгалтаа амжилттай өгч, хүссэн мэргэжлээ гадны ямар нэгэн оролцоогүй, зөв шударгаар сонгохыг гагцхүү тухайн хүүхдийн сэтгэлийн чин зориг мэдэх” ажээ.

МУБИС-ийн профессор С.Эрдэнэмаам.