Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Хаяши Мотоо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүд өргөн бүрэлдэхүүнтэйгээр Монгол Улсад айлчилж байгаад Ерөнхий сайд талархал илэрхийлээд Монгол, Японы харилцааг өнөөгийн түвшинд хүргэж, өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр улсын Парламент хоорондын хамтын ажиллагаа үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэлээ. Ирэх 50 жилд шинэ төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлж, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх талаар Ерөнхий сайд онцлон ярилаа.
Япон Улсын Ерөнхий сайд асан, Монголын анд нөхөр Абэ Шинзо харамсалтайгаар таалал төгссөнд Ерөнхий сайд эмгэнэл илэрхийлэв. Энэ мэдээг Сингапур Улсад айлчилж байх үедээ хүлээн авсан. Монгол, Японы харилцаанд Ш.Абэгийн оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэлийг Монгол Улс, Монголын ард түмэн үүрд дурсан санах болно гэлээ. Ирэх сарын 27-нд болох Ш.Абэг үдэх төрийн оршуулгын ёслолд Монгол Улсын төр, засгийг төлөөлж оролцохоор төлөвлөж байгаагаа тэмдэглэв.
Мөн нүүрснээс ус төрөгч гарган авч ус төрөгчийн цахилгаан станц байгуулах төслийг хэрэгжүүлэх хүсэлтэй, Японд хийх айлчлалын үеэр энэ чиглэлийн компанийн төлөөлөлтэй уулзалт хийж, санал сонилцох сонирхолтой байгаагаа илэрхийллээ.