Газрын тос боловсруулах үйлдвэрийн инженерчлэлийн ажил дуусаж, дөрөв дэх хэсгийн гэрээний тендерийг зарлахаар төлөвлөөд байна

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хурлын үеэр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болон ажлын хэсгийн гишүүдэд Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын ажлын явц болон тулгамдсан асуудлын талаар танилцууллаа.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг төлөвлөгөөт ажлын явц, технологийн бус барилга байгууламж, анхдагч процессын болон дагалдах байгууламж, үйлдвэрийн цахилгаан станц, лицензит технологийн байгууламж гэж дөрвөн хэсэгт хуваан хэрэгжүүлж буй. Одоогийн байдлаар инженерчлэлийн ажил дуусаж, дөрөв дэх хэсгийн гэрээний тендерийг ирэх 11 дүгээр сард зарлахаар төлөвлөөд байгаа юм.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хурлын үеэр төсөл хэрэгжүүлэхэд тулгамдаад буй асуудлуудыг ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлдэхийг ажлын хэсгийн ахлагч болон холбогдох сайд нарт үүрэг болгов.