Монгол Улсын Соёлын яамны санаачлан хэрэгжүүлж буй Соёлын бүтээлч сарын хүрээнд “ART WEEK” дүрслэх урлагийн үзэсгэлэн өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төвд нээгдлээ.
“ART WEEK” үзэсгэлэн нийт 1200 метр квадрат талбайд 30 гаруй уран зураг, өрөг урлаг, баримал, видео, гэрэл зураг, дуу авианы бүтээлүүд тавигдаж, нэн орчин үеийн буюу контемпорари төрлөөр туурвидаг үе үеийн төлөөлөл болсон шилдэг уран бүтээлчид оролцож байна.
Үзэсгэлэнг 700 гаруй мэргэжлийн уран бүтээлчдийг нэгтгэсэн Монголын урчуудын эвлэлтэй хамтран зохион байгуулсан бөгөөд ерөнхий куратороор Урлаг судлалын ухааны доктор, профессор Ч.Болдбаатар, “Хөх Нар” орчин үеийн холбооны үүсгэн байгуулагч Ё.Далх-Очир нар ажилласан юм.
Өнгөрсөн жилийн “ART WEEK” үзэсгэлэн 2000 метр квадрат талбайд 100 гаруй уран бүтээлчийг нэгтгэж байсан бөгөөд үзэсгэлэнд оролцсон Ж.Мөнхцэцэг нь Венецийн дүрслэх урлагийн 59 дэх удаагийн олон улсын биеннальд 20 гаруй зөөлөн баримал болон дуу авианы бүтээлээрээ оролцож олон улсын урлаг судлаачдын анхаарлыг татаж байсан юм. Үүний жишгээр “ART WEEK” үзэсгэлэн нь өнөө цагийн Монголын дүрслэх урлагийн салбарын цар хүрээ, чиг хандлагыг илтгэн харуулах өвөрмөц үзэсгэлэн болж байна.
Энэ талаар Соёлын сайд Ч.Номин:
Соёлын яамнаас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бодлогыг тодорхойлж, Монгол Улсын Засгийн газраас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжих арга хэмжээний төлөвлөгөө болон Төрөөс дэмжлэг үзүүлэх соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийг батлан хэрэгжүүлж байна. Тэргүүлэх чиглэлд дүрслэх урлагийн салбар зүй ёсоор багтаж байгаа төдийгүй Дүрслэх урлагийн салбарынхан маань Засгийн газрын тогтоолоор дэлхийн нэр хүнд бүхий биенналь, үзэсгэлэнд Соёлын яамны дэмжлэгтэй оролцож эхэлсэн.
Энэ бол дүрслэх урлагийн салбарынхан маань соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд, бүтээлч авьяасыг инновац шингэсэн нөхөн сэргээгдэх нөөц болгох боломжтой гэдгийг батлан харуулж буй уран бүтээлч Та бүхний ур чадвартай салшгүй холбоотой гэдгийг хэлж, энэ ташрамд талархал илэрхийлье.
Соёлын яамнаас жил бүрийн 11-р сарыг Соёлын бүтээлч сарын аян болгож, соёлын салбарын боломж бололцоог сурталчлан таниулахын зэрэгцээ иргэдийн соёлын хэрэгцээ, үйлчилгээ, чанар, хүртээмжийг нэмэгдүүлдэг томоохон арга хэмжээ болж цар хүрээ нь өргөжин тэлж байна. Энэ дундаа “Аrt week” үзэсгэлэн нь дүрслэх урлагийн салбарын өнгө төрх, чиг хандлагыг илтгэн харуулахуйц хэмжээнд очихоор зорьж байгаа. Өнгөрсөн жил бид Монголд 100 гаруй уран бүтээлчийг хамруулан анх удаагаа том хэмжээний орон зайд дүрслэх урлагийн бүхий л төрлийг шингээсэн үзэсгэлэн гаргаж салбарын хөгжил дэвшил, өнөөгийн дүр төрхийг өргөн цар хүрээтэй харуулж чадсан. Харин энэ жил нэн орчин үеийн урлагаар бүтээн туурвидаг, салбарынхаа төдийгүй улс орноо олон улсад сурталчилдаг, шилдэг уран бүтээлчдийн өвөрмөц шийдэл, олон утга санаа, үг хэллэг, илэрхийлэл бүхий бүтээлүүдээр орон зай, орчныг бүрдүүлж байгааг онцлон тэмдэглэхэд таатай байна.
Монгол Улсын дүрслэх урлагийн салбарын ууган мэргэжлийн урлагийн байгууллага, Монголын Урчуудын Эвлэл, тус байгууллагын гишүүн уран бүтээлчид, уран сайхны зөвлөл, кураторын багт талархал илэрхийлэхийн ялдамд энэ жил тохиож буй түүхт 80 жилийн ойн баярын мэндийг хүргэе” гэлээ.
Энэ жилийн “ART WEEK” үзэсгэлэнгийн Ерөнхий куратор, уран бүтээлч Ч.Болдбаатар:
Зураач, урлаг судлаач, МУИС-ийн урлаг судлалын профессор Ч.Болдбаатар Суриковын нэрэмжит Дүрслэх урлагийн академийг дүүргэж, Соёл Урлагийн Их Сургуульд докторын зэрэг хамгаалсан. Тэрбээр 2014 он хүртэл Дүрслэх урлагийн дээд сургууль, СУИС, МУИС-д профессор багшийн албыг хашсан. Герман, Япон, Хятадын музей, их дээд сургуулиудад симпозиумд оролцож олон тооны эрдмийн бүтээлүүд гаргасан.
Ч.Болдбаатар 1981 оноос уран бүтээлээ туурвиж, АНУ, Япон, Хятад, Франц, Герман, Солонгос, Орос, Польш, Украйн, Австри болон бусад оронд уран бүтээлээ толилуулж тэр цагаас хойш орчин үеийн урлагт ихээхэн сонирхолтой болж, өдгөө залуу уран бүтээлчидтэй хамтран үзэсгэлэнгийн куратораар ажиллаж байна.
Ерөнхий куратор, уран бүтээлч Ё.Далх-Очир
Ё.Далх-Очир 1990-ээд оноос эхлэн инстолляц, лэнд арт, перфоманс зэрэг дүрслэх урлагийн шинэ хэлбэрүүдийг ашиглан бүтээл туурвиж байгаа. Түүний “Бохир гол” лэнд арт инстолляц нь байгаль орчны бохирдлын тухай хөндөж танилцуулсан бол “Street art” перфоманс үзүүлбэр нь хотын гудамжаар холхилдох хүмүүсийн харилцаа, гудамжнаас олдсон элдэв зүйл, хог хаягдал хүмүүст ямар онцгой мэдрэмж өгөхийг харуулахыг зорьжээ.
Тэрбээр 1980 оны дундаас хойш одоог хүртэл үе үеийн модерн болон орчин үеийн урлагийн чиглэлээр бүтээлээ туурвисаар ирсэн бөгөөд орчин үеийн урлагийг Монголд хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар яваа анхдагчдын нэг.
Далх-Очир нь 2002 онд “ХӨХ НАР” контемпорари урлагийн төвийг үүсгэн байгуулж, төвийн тэргүүн, куратораар ажиллаж байна.