Tesla, Space X-ийг үүсгэн байгуулагч Илон Маск олон сарын турш үргэлжилсэн Twitter-ийг худалдан авах 44 тэрбум ам.долларын гэрээг эцэслэн үзэглэлээ. Ингэснээр дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн нэг Илон Маск Twitter-ийн шинэ эзэн болж байна.
Хэрэв тус гэрээг энэ баасан гарагаас өмнө амжиж байгуулаагүй бол Илон Маскийг шүүх хурал хүлээж байсан юм.
Учир нь энэ оны 4-р сард Twitter-ийг худалдан авахаар тохиролцсон Илон Маск энэ шийдвэрээсээ татгалзаж буйгаа тавдугаар сард мэдэгдсэн. Хариуд нь Twitter-ийн зүгээс Илон Маскийг гэрээнээс буцах боломжгүй гэж мэдэгдэн гэрээгээ байгуулахыг шаардан шүүхэд өгсөн юм.
Twitter-ийг их мөнгө олох зорилгоор бус харин хүн төрөлхтөнд туслах зорилгоор худалдан авч байгаа гэдгээ Маск жиргэжээ.
Гэрээг эцэслэн байгуулахын өмнө энэ долоо хоногийн эхээр Илон Маск твиттерийн төв байранд гал тогооны угаалтуур барин орж ирсэн юм.
Бизнесийн хэллэгээр “Гал тогооны угаалтуур” нь компанид эрс өөрчлөлт хийнэ гэсэн утгатай юм байна.
Компанийн удирдлага Илон Маскийн гарт шилжиж буй учир Twitter-ийн ерөнхий захирал Параг Агравал болон санхүү хариуцсан захирал Нед Сигал нар албан тушаалаа хүлээлгэн өгсөн байна.