Бямба гарагийн шөнө Өмнөд Солонгосын нийслэлийн Итэвон дүүрэгт Сүнсний баяр тэмдэглэхээр цугларсан олны дунд шахцалдаан үүсэж 149 хүн амиа алдаж, 150 гаруй хүн гэмтсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Хохирогчдын дийлэнх нь 20-иос доош насны эмэгтэйчүүд байна.
Албаны хүмүүсийн мэдээлснээр, Итаевон дүүргийн Хамилтон зочид буудлын ойролцоох нарийн гудамжинд хүмүүс хэт бөөгнөрч эмх замбараагүй байдал үүсжээ. Орон нутгийн зарим хэвлэлийн мэдээлж буйгаар нарийн гудамжинд байрлах цэнгээний газарт хэн нэгэн алдартан ирж байгаа гэх сургаар хүмүүс бөөгнөрч эхэлсэн аж. Ойролцоогоор 100,000 хүн нарийн гудамжинд цугларсан гэж үзэж буй. Гэрч 21 настай Пак Жун Хун "Зул сарын баяраар олон хүн энд цугларч, салют буудуулахыг харж байсан. Гэхдээ энэ үдэш 10 дахин их хүн байсан" хэмээн Ройтерс агентлагт ярьжээ.
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёол мэдэгдэл гаргаж, гэмтэж бэртсэн хүмүүст түргэн тусламж үзүүлж, цэнгээний газруудын аюулгүй байдлыг шалгахыг албаныханд даалгалаа. Мөн гамшгийн үед эмнэлгийн тусламж үзүүлэх багийг яаралтай байршуулж, гэмтсэн хүмүүсийг эмчлэхийн тулд ойролцоох эмнэлгүүдийн орыг суллахыг үүрэг болгов.
Гэмтсэн хүмүүсийг хот даяар эмнэлгүүдэд хүргэх ажлыг хурдасгахын тулд ойр орчмын газруудын хөдөлгөөнийг хязгаарлаж байна. Ройтерс агентлагийн сурвалжлагчийн хэлснээр хэргийн газрын зэргэлдээх барилгад түр морг байгуулжээ. Гадаадын 2 иргэн амиа алдсан бөгөөд гэмтэж бэртэн эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн дунд гадаадын иргэд олноороо байгаа юм. Сөүл хотын захиргаа ойролцоох дүүргийн иргэдийг гэрээс гарахгүй байхыг уриаллаа.
Итаевон дүүрэг нь Өмнөд Солонгосын залуучууд болон гадаадын иргэдийн дунд алдартай. Цар тахлын гурван жилийн хугацаанд хязгаарлалтад байсан зугаа цэнгээний газрууд бямба гарагт Хэллоуины баяраар хүмүүс олноор цугларч, хөл хөдөлгөөн ихтэй байжээ.
Дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүнүүд эмгэнэл илэрхийлж эхэлсэн байна. Тухайлбал Их Британийн шинэ Ерөнхий сайд Риши Сунак болон Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар БНСУ-ын ард түмний уй гашууг хуваалцаж буйгаа илэрхийлж, гүн эмгэнэл илэрхийлжээ.