Консерватив намын тэргүүний төлөөх сунгаанд ганцхан нэр дэвшигчээр тунаж үлдсэн Риши Сунак Их Британий шинэ Ерөнхий сайдаар ажиллах боллоо. Пенни Мордонт сунгаанаас нэрээ татснаар Риши Сунак намын даргын зэрэгцээ шууд Ерөнхий сайдын албан тушаалыг хүлээн авч буй аж.
Өмнөх сонгуульд Лиз Трасс ялаж, Сунак хоёрт, гуравт Мордонт үлдэж байсан юм. Трасс Ерөнхий сайдын тушаалд 44 хоног суугаад аравдугаар сарын 20-нд огцорсон билээ.
Шинэ Ерөнхий сайд нам, улсынхаа эв нэгдлийг тэргүүн зорилгоо гэж үзнэ хэмээн анхны үгэндээ онцлон тэмдэглэжээ.
Их Британийн түүхэнд анхны энэтхэг гаралтай, 1783 оноос хойших хамгийн залуу Ерөнхий сайд болж байгаа Риши Сунак гэж хэн бэ?
Риши Сунак 1980 онд Саутгемптон хотод эмч Яшвир Сунак, эм найруулагч Уши Сунак нарын том хүү болон мэндэлжээ.Пенжаб гаралтай түүний өвөө эмээ нь колончлолын үеэр Энэтхэгээс Африкт суурьшсан байна. Улмаар 1970-аад онд Их Британид иржээ.
Риши Оксфордын их сургуульд суралцан гүн ухаан, улс төр, эдийн засаг судалсаны дараа 2001-2004 онд Goldman Sachs банкинд ажиллаж, Стэнфордын их сургуульд бизнесийн магистрийн зэрэг хамгаалсан юм. Үүний дараа TCIхеж санд ажиллав. Улмаар нэг тэрбум долларын эргэлттэй үндэстэн дамнасан компанийг Их Британийн жижиг дунд бизнесийг дэмжих зорилготойгоор үүсгэн байгуулжээ.
Сунак 2015 оны парламентын сонгуулиар Ричмонд (Йоркс) тойрогт 51,4 %-ийн саналаар ялалт байгуулахдаа, тэнд 2010 оны сонгуулийн консерваторуудын үзүүлэлтийг 11 %-иар унагасан. Гэсэн ч хүчтэй өрсөлдөгч Тусгаар тогтнолын намын Мэттью Кук зөвхөн 15,2 % гэсэн үзүүлэлттэй байсан учир Ришийн ялалт нь илт давуутай байлаа. Сунак 2017 онд амжилтаа улам бататган 63,9 % -ийн саналтай авчээ.
Ерөнхий сайд Тереза Мэй 2018 онд танхимаа шинэчлэхэд Риши Сунак засгийн газрын ажилд татагдан Орон сууц, нийтийн аж ахуй, орон нутаг, нийгэмлэгийн сайдын туслах болов.
Борис Жонсоны Засгийн газар бүрэлдэх 2019 оны зургаадугаар сард Нийгмийн сан хөмрөгийн газрын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдон шаардлагатай үед танхимын хуралд суух эрхтэй болжээ.
2019 оны арванхоёрдугаар сард өмнөхөөсөө улам илүүтэй 63,6 % гэсэн санал аван сонгуульд ялав. 2020 оны хоёрдугаар сард Жонсоны хоёр дахь танхимд Сангийн сайд буюу Сан хөмрөгийн канцлерын тушаалд суулаа.
Коронавирус дэгдсэнтэй холбоотойгоор хаагдсан зоогийн газрын эзэдэд туслах ажлыг зохион байгуулан төсвийн хэлэлцүүлгийг хойшлуулж чадсан. Их Британийг ЕХ-ноос гарах талыг барьж байсан ч эдийн засгийн хамтран ажиллах нөхцлийн талаар Борис Жонсонтой санал зөрөлдөөд огцрох өрөгдлөө өгч байв. Жонсоныг огцорсны дараа тэр намын дарга бөгөөд Ерөнхий сайдын төлөө өрсөлдөөд Лиз Трасст ялагдсан юм.
Риши Сунак "Infosys" компанийг үндэслэгч Нараяны охин Мурти Акшататай гэрлэсэн.
Сунак 2022 оны тавдугаар сард «The Sunday Times» сонины гаргадаг Их Британийн баячуудын жагсаалтад багтсан. Гэр бүлийн хөрөнгийг 730 сая фунт стерлинг гэж үзсэнээр, Сунакын нэр жагсаалтын 222-рт бичигджээ.