Ерөнхий сайд Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзаж, “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын үйл ажиллагаа, улс орны эдийн засгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа. Уулзалтад Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, Засгийн газрын зарим гишүүд, Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд тэргүүтэй албаныхан оролцсон юм.

УИХ-аас баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилийн зорилтыг “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусган батлуулж, хэрэгжүүлж эхлээд буй. Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан “Боомтын сэргэлт”, “Эрчим хүчний сэргэлт”, “Аж үйлдвэрийн сэргэлт”, “Хот, хөдөөгийн сэргэлт”, “Бүс, орон нутгийн хөгжлийн сэргэлт”, “Дагуул хот” зэрэг дэд сэдвүүдийн хүрээнд төлөвлөсөн бодлогын ажлуудын талаар Ерөнхий сайд иргэдэд танилцуулав.

Ерөнхий сайдын танилцуулгын дараа тус дүүргийн иргэд эрүүл мэнд, ногоон байгууламж, төрийн үйлчилгээний хүнд суртал, боловсролын хүртээмж зэрэг асуудлаар санал хүсэлтээ уламжиллаа. Иргэдийн санал хүсэлтэд Засгийн газрын зарим гишүүд, нийслэл, дүүргийн удирдлагууд хариулт өгсөн бөгөөд иргэдээс ирсэн саналыг нэгтгэн ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх аж.

Хотын хөгжлийн индексийн судалгаагаар Баянзүрх дүүрэгт тулгамдаад буй хүрээлэн буй орчин, боловсрол, хувь хүний аюулгүй байдал, эдийн засгийн асуудлуудад бодлогын хувьд анхаарах хэрэгтэй байгааг албаныхан онцолж байна. Нэн ялангуяа гэмт хэрэг, боловсролын хүрэлцээ хангамжтай холбоотой асуудалд анхаарч ажиллах ёстой. Нийслэлийн удирдлагуудын зүгээс Баянзүрх дүүрэгт тулгамдаад буй асуудлууд, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд онцгойлон анхаарч ажиллахаа мэдэгдэж байв.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Орон нутгийн байгууллагын зүгээс дүүрэгтээ тулгамдаж буй асуудлаа бүх шатандаа танилцуулж ирсэн. Ялангуяа нийслэл, Засгийн газарт асуудлуудаа танилцуулж, хамтран ажиллаж байгаа. Баянзүрх дүүрэгт тулгамдаж буй олон асуудлууд бий. Цэцэрлэг, сургуулийн хүртээмж, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт гэх мэт асуудал бүрийг орон нутгийн төсвийн хөрөнгөөр шийдэх боломжгүй. Тиймээс дээд шатны байгууллагуудад уг асуудлуудаа уламжлан, ирэх оны төсөвт тусгуулахаар зорьж байгаа. Өнөөдрийн уулзалт ч цаг үеэ олсон, маш үр дүнтэй уулзалт боллоо” хэмээсэн юм.

Баянзүрх дүүрэг нь 124.4 мянган га газар бүхий нутаг дэвсгэртэй бөгөөд 43 хороотой. Монгол Улсын хүн амын 10.9 хувь, нийслэлийн хүн амын 24.5 хувь нь тус дүүрэгт оршин суудаг билээ.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР