Италийн археологчид эртний Ромын үед хамаарах 2300 орчим жилийн настай сайтар хадгалагдсан 24 ширхэг хүрэл баримал олжээ. Түүхэн үнэт олдворыг Сиена мужийн уулархаг Сан Касчиано де Багни хотын эртний усан сангийн шавар балгас дороос олсон аж.
Грек-Ромын бурхдыг дүрсэлсэн хүрэл баримлуудаас гадна МЭӨ хоёрдугаар зуунаас МЭ-ний нэгдүгээр зуунд хамаарах 6000 орчим хүрэл, мөнгө, алтан зоос олджээ.
Малтлагыг удирдан явуулсан профессор Жакопо Таболлигийн тайлбарласнаар тухайн үед амьдарч байсан хүмүүс баримлуудыг нэгэн төрлийн зан үйлийн дагуу усан санд хийдэг байж.
Учир нь усанд юм өгснөөр ус чамд ямар нэгэн зүйлийг буцааж өгнө гэж тухайн үеийн хүмүүс итгэдэг байжээ. Малтлагаар олдсон барималуудыг лабораторид сэргээсний дараа Сан Касчианогийн шинэ музейд үзмэр болгон тавих аж.