АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө албан ёсоор мэдэгдлээ.
Тэрээр Флоридад дэмжигчиддээ хандаж хэлсэн үгэндээ АНУ-ыг дахин агуу, хүчирхэг гүрэн болгохын тулд эргэн ирэлт хийнэ гэжээ.
Дональд Трамп 2017-2021 онд төр барьсан богино хугацаанд нь бүх зүйл урьд өмнө байгаагүйгээр цэцэглэн хөгжиж, сайхан байсан. Харин Жо Байден төрийн эрхийг авснаас хойш улс орон уналтад орж, доройтон эдийн засгийн хямрал эхэлсэн гэжээ.
Түүнчлэн тэрээр Жо Байденыг Украины дайныг зохицуулах чадваргүйн улмаас улс орноо цөмийн дайны ирмэгт авчирсан хэмээн шүүмжиллээ.
Дональд Трамп улс орныг дотроос нь сүйрүүлэх гэж байгаа Ардчилсан намын зүүний радикал үзэлтнүүдийн эсрэг ялалт байгуулахын төлөө яг энэ мөчөөс эхлэн 2024 оны санал хураалт явагдах хүртэл түүхэнд байгаагүй хүчтэй өрсөлдөөнийг өрнүүлэх болно хэмээлээ.