Монгол Улсын 2023 оны төсөв батлагдлаа

Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2023 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийг УИХ-ын чуулганы 2022 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
 
Ирэх 2023 оны төсвийн онцлог:
 
- Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх анхны төсөв бөгөөд шинэ хөрөнгө оруулалт хийхгүй байх, үрэлгэн байдлыг хязгаарлах зэргээр нэг их наяд төгрөг хэмнэх боломж бий болж байна.
 
- Эдийн засгийг тогтворжуулах, макро тэнцвэрийг хангаж, төсвийн сахилга батыг бүх шатанд хэрэгжүүлэх замаар төсвийн алдагдлыг зорилтод түвшин болох -1,906.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 3.6 хувиас 481.1 тэрбум төгрөгөөр бууруулж ДНБ-ий 2.6 хувь байхаар баталлаа. 
 
- Хөрөнгө оруулалт бизнесийн орчныг татварын бодлогоор дэмжих, эрүүл мэнд, боловсролын салбарын төсвийн шинэчлэлийг эрчимжүүлнэ. 
 
- Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж уул уурхай, аж үйлдвэрийн салбарын томоохон төслүүдээ бүрэн дуусгаж, эрчим хүчний салбарт шинэ төслүүд хэрэгжүүлнэ.
 
- Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл, үйлчилгээний чанарын асуудлыг цогцоор нь шийдвэрлэж, түгжрэлийг бууруулна. 
 
- Хотоос хөдөөд шилжихийг дэмжсэн татвар, цалин хөлсний бодлогыг хэрэгжүүлнэ.  
 
- Ирэх 2023 оны төсвийн бодлого хэрэгжсэнээр эдийн засаг тогтворжиж, инфляц оны эцэст нэг оронтой тоонд шилжинэ.