“Хотын стандарт, хотын соёл” зөвлөгөөн боллоо

Хотын соёл гэж юу вэ? Амьдран буй хотынхоо иргэний хувьд ямар соёлыг төлөвшүүлэх вэ? Хотын хөгжилд залуус ямар оролцоотой байж, хэрхэн нөлөөлж чадах вэ? Эдгээр асуултын хариуг хамтдаа эрж хэлэлцсэн, сонирхолтой илтгэл, мэдээллийг залууст хүргэсэн “Хотын стандарт, хотын соёл” зөвлөгөөнийг өнөөдөр Соёлын төв өргөөнд зохион байгууллаа.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод анх удаа батлан хэрэгжүүлж буй нэгдсэн цогц стандартыг таниулах, энэ талаар мэдээлэл өгөхөөр Хотын нэгдсэн стандартын зөвлөгөөний хүрээнд зохиож байгаа энэхүү арга хэмжээнд их, дээд долоон сургуулийн 700 орчим оюутан, нийслэлийн хороодын 300 зохион байгуулагч оролцсон юм.

Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ хотын шинэ стандарт, стандартыг хэрэгжүүлж мөрдөхийн ач холбогдлын талаар илтгэл тавьж, мэдээлэл өгсөн юм.  Мөн “Хүний хөгжил” академийн лектор Н.Амарбаясгалан, ШУТИС-ийн Оюутны соёл, үйлчилгээний албаны ахлах мэргэжилтэн, доктор, дэд профессор Д.Цогзолмаа, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Батцэцэг нар хотын соёл, стандарт, аюулгүй байдлын тулгамдаж буй асуудал, сайн жишиг, шийдлийн талаар мэдээлэл өглөө.

Мөн зөвлөгөөний үеэр Хотын стандарт, хяналтын газраас хотын стандартын видео танилцуулгыг олон нийтэд хүргэсэн юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР