Өчигдөр өглөөнөөс хойш иргэд Замын-Үүд боомтоор орж гарч чадахгүйд хүрээд байна. Учир нь УАЗ 469 машинаар хүн, ачаа тээвэрлэж орж гардаг жолооч нар машинуудынхаа дугуйны хийг гарган орц гарцыг хааж тавьжээ.
БНХАУ-ын талаас эвдэрч хэмхэрсэн, ашиглалтаас гарсан машинууд оруулж гаргахгүй, хүн тээврийн машинд даац хэтрүүлэн ачаа ачин зорчдог байдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн шаардлагыг 2017 онд буюу жилийн өмнө тавьж байсан гэнэ.
Тухайн үед энэ асуудлаар Замын-Үүдийн удирдлагууд БНХАУ-ын Эрээн хотын удирдлагуудтай зөвшилцөн, хугацааг хойшлуулж явсаар өнөөдрийг хүргэжээ. Тэгвэл жолооч нар зохион байгуулалтад орж хил гаалийн үйл ажиллагаанд саад учруулаад зогсохгүй, жирийн иргэдэд хүндрэл учруулж эхэлсэн байна. Энэ байдалд зохицуулалт хийхээр очсон цагдаагийн албан хаагчдийн шаардлагыг ч үл тоон боомтын хэвийн үйл ажиллагаанд саад учруулсаар байгаа аж.