УИХ-ын гишүүн А.Сүхбат өнөөдөр МҮБХ-нд үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн билээ. Тэрбээр УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ зөвшөөрөөгүйн улмаас эвлэрч чадаагүй тухай ярьж, тухайн өдөр болсон хурлын бичлэгийг үзүүлсэн юм. Мөн Улсын баяр наадмаар бөхчүүд барилдахгүй, эмх замбараагүй байдал үүсвэл буруутан нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ болно гэсэн юм.
Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ дараах тайлбарыг хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: "Бид гуравдугаар сарын 24-нд хурал хийсэн цагаас хойш байнга буулт хийж, эв зүйг нь олох гээд л явж байгаа. Ямар нэг хүсэлт тавихад нь хүлээн зөвшөөрч, татгалзсан хариу өгч байгаагүй. Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг даалгаврын дагуу тавдугаар сарын 18-нд бид чуулганаа зарласан ч ирээгүй. Ирсэн хүмүүс нь гараад явчихсан. Л.Чинбат Г.Өсөхбаяртай уулзах хүсэлт тавьсан. Тэгээд Цэцдийн зөвлөлийн даргаар Ү.Хүрэлбаатарыг, дэд тэргүүнээр Баянмөнх гуайн хүүг томилно гэж байсан. Бид тэг л гэсэн. Тэгээд сүүлд нь дахиад уулзахад нэрнээсээ буцсан. Бид бүх хүсэлтийг нь хүлээн зөвшөөрсөн. Дүрэм журмынхаа хүрээнд үйл ажиллагаагаа явуулах ёстой.
Одоо баяр наадмын өмнө хуралдаж амжихгүй. Тиймээс цэцдийн зөвлөлийг хуралдуулж болно. Бид бүх албан тушаалаас татгалзсан. Би дахиж Бөхийн холбооны тэргүүнд нэр дэвшихгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн. Одоо ч энэ байр суурин дээрээ ч байгаа. Хүмүүс бөхчүүдийг хоорондоо хагаралтай байна гэж яриад байгаа юм. Тийм зүйл огт байхгүй. Монгол бөхийг жудаг гэж уламжлал бий. Яриа хийгээд байгаа нь А.Сүхбат, Х.Баянмөнх нар л байна. Бөхчүүд бүгд хагаралдсан, маргалдсан зүйл байхгүй.
Төрийн баяр наадам уламжлалаараа зохион байгуулагдана. Холбоодууд маргаантай байгаа бол Төрийн баяр наадмын комисс өөрсдөө шийднэ. Барилдаанд оролцохгүй гэх бөх гарахгүй байх. Хэрэв хэн нэгэн оролцохгүй гэх юм бол оролцоод цол, шагналаа аваад явна биз. Наадмын үеэр маргах асуудал, будилаан гарвал тэр нь допингтой холбоотой асуудлууд л байна. Допинг хэрэглэсэн асуудал илэрвэл барилдаан удааширч, үл ойлголцол гарна. Эсвэл шүүлт дээр асуудал гарна. Тэрнээс өөрөөр асуудал гарахгүй" хэмээн ярилаа.