Тяньжин хотын төлөөлөгчидтэй уулзлаа

Улаанбаатар хотод Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум болохтой холбогдуулан форумд оролцохоор ирсэн зочид, төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа БНХАУ-ын Тяньжин хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Тяньжин хотын Байгаль орчныг газрын орлогч дарга Си Жин, Тяньжин хотын Байгаль орчны хүрээлэнгийн дэд дарга Кан Лэй тэргүүтэй төлөөлөгчид байлцлаа. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа хэлсэн үгэндээ “Та бүхнийг хүрэлцэн ирсэнд таатай байна. Өнөөгийн байдлаар Улаанбаатар хот нь БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Хөх хот зэрэг 10 гаруй хотуудтай найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хамтран ажиллаж байна. БНХАУ-ын хувьд Улаанбаатар хоттой хамгийн ойр, харилцан туршлага судлах, суралцах боломжтой эдийн засаг нь маш хурдацтай хөгжиж байгаа улс юм. Улаанбаатар, Тяньжин хотууд нь 1992 онд найрамдалт хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай Санамж бичигт гарын үсэг зурснаар хоёр хотын харилцааны түүх үүссэн түүхтэй. Цаашид хоёр хотын харилцааг соёл, боловсрол, эрүүл мэнд, худалдаа, эдийн засаг, ногоон байгууламж, байгаль орчин зэрэг бүхий л салбарт хөгжүүлэх, шинэ шатанд гаргах шаардлагатай гэж бодож байна. Хоёр хотын бодит хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч Та бүхэн бидэнтэй хамтарч ажиллахыг хүсье” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.