Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр, Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал нар оролцсон юм.
Он гарсаар улсын хэмжээнд нийт 1998 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 60 хүн амь насаа алдаж, 31 хүн гэмтэж бэртэн 1,4 сая толгой мал хорогдож, 14,1 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан. Эдгээрийн хор уршгийг арилгахад Онцгой байдлын албаны албан хаагчид болон орон нутгийн иргэд нийт 10872 хүн, 2166 автомашин ажиллаж, 518 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 23,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдал болон орон нутгаас 9,9 тэрбум төгрөг зарцуулаад байна.