Нийслэлийн Аврах ангийн завьт эргүүл ажиллаж байна

Он гарсаар усны ослоор Архангай, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймаг, аймаг, нийслэлд нийт 15 удаагийн тохиолдлоор 21 хүн (хүүхэд-5 буюу 23.8%, насанд хүрэгсэд-16, үүнээс 16 хүн нь эрэгтэй буюу 76.2%) амь насаа алджээ.

Урин дулааны үе, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан  Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид автомашин, завь бусад техник багаж хэрэгсэлтэйгээр Туул голын Гачууртын Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэл моторт завь, сэлүүрт завиар иргэдийг голын усанд осолдохоос урьдчилан сэргийлж аюулгүй байдлыг хангаж ажиллаж байна.

Түүнчлэн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутгаар усархаг аадар бороо орох үеэр уруйн үер бууж, үерийн улмаас Хутаг-Өндөр суманд дөрвөн  настай хүүхэд урсаж амь насаа алдан, олон айл өрх, аж ахуйн нэгж байгууллагад хохирол учирсан тохиолдол гарсан.

Иймд ард иргэд аялал, амралтаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж,  тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж, аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна. Түүнчлэн хүчтэй аадар бороо орох нь үерийн аюул дагуулж болзошгүй тул учирч болзошгүй эрсдэлээс сэрэмжилж, голын эрэг хөндийд байрлахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар