Хүүхдийн паркийн үйл ажиллагааг түр хугацаагаар хаалаа

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас жил бүр Үндэсний соёл амралтын хүрээлэнд /Бидний нэрлэж заншсанаар Хүүхдийн парк/ хяналт шалгалт явуулж зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажилладаг. Хамгийн сүүлд 2018 оны 05 сарын 22-ны өдөр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, осол аваараас урьдчилан сэргийлэх тухай зөвлөмж хүргүүлжээ. 

Тус зөвлөмжид Үндэсний Соёл амралтын хүрээлэнд буй барилга байгууламж, 22 тоглоомын техник, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж, засвар үйлчилгээг тогтмол хийх зэрэг асуудлуудыг зөвлөжээ. 

Паркийн сансрын хөлөг тоглоомонд гарсан ослын учир шалтгааныг тодруулахаар НМХГ-ын улсын байцаагчид ажиллаж байна. Урьдчилсан байдлаар техникийн аюулгүй байдлыг хангаагүй, тоглоомын гар буюу суманд ан цав гарсны улмаас ачаалал дийлэлгүй осол гарсан, өдөр тутмын дотоодын хяналт шалгалт, цэвэрлэгээг хангалтгүй хийснээс шалтгаалсан гэсэн дүгнэлтийг хийгээд байна.

Одоогоор Үндэсний Соёл Амралтын хүрээлэнгийн ажиллагааг түр хаасан бөгөөд паркийн бүх тоглоомонд аюулгүй байдлыг хангах үүднээс бүх тоглоомонд хяналт, шалгалтын ажлыг эхлүүлээд байна. Осол гарсан тоглоомыг актлах шийдвэр гаргасан.

Хэрэв осол эрүүгийн шинжтэй гэж үзвэл цагдаагийн байгууллагад шилжинэ, харин зөрчлийн шинжтэй гэж үзвэл НМХГ-аас захиргааны арга хэмжээ авах юм.

Эх сурвалж: НМХГ