Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тамч багийн малчны хотноо чоно дайрч, 13 настай хүүг ноцож холбогдох мэргэжлийн байгууллагуудаас тусгайлсан арга хэмжээг авч ажиллаж байна.
Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тамч багийн Дөрөлж хэмээх газар нутаглаж байсан малчны хотонд галзуугийн шинж тэмдэг бүхий чоно хот руу нь дайрч хотны дэргэд унтаж байсан 13 настай хүүхдийг ноцсон тохиолдол 6 сарын 12-ны шөнийн 02 цагийн үед болжээ. Чоныг устгаж, дээжийг аймгийн Мал эмнэлгийн ариун цэврийн лабораторид шинжилгээ хийхэд мал, амьтны галзуу өвчин болох нь тогтоогджээ. Чононд хазуулсан хүүгийн биеийн байдал хүнд эрчимт эмчилгээ хийгдэж байгаа гэдэг мэдээллийг халдвартын тасгаас өгч байгаа юм. Тухайн хүүхэд гэрийнхээ гадна хоттой хонио манаж хонож байсан чононд хазуулах нөхцөл бүрджээ. Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт он гарснаар аймгийн 9 суманд 46 галзуугийн тохиолдол гарчээ.
Холбогдох мэргэжлийн байгууллагуудаас тусгайлсан арга хэмжээг авч ажиллан, аймгийн 9 сумын засаг дарга нарын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байгаа талаар мэдээлэл өглөө. Үүнтэй холбоотойгоор аймгаас ажлын хэсэг гарч газар дээр нь ажиллаад иржээ. Манай улсад галзуугийн сэжигтэй амьтны дайралтад өртсөн тохиолдлуудаас ихэнх хувийг хөдөө орон нутагт амьдардаг малчид зонхилон эзэлж байгааг онцолж байна. Галзуу өвчнөөр таван хошуу мал, тэжээвэр, зэрлэг амьтад, хүн өвчилдөг бөгөөд мэдрэлийн хэт цочрол болон саажих шинж тэмдгээр илэрдэг, А зэрэглэлийн ангилалд багтдаг зоонозын хурц халдварт өвчин юм.
Галзуугийн вирус мэдрэлийн тогтолцоог гэмтээж, тархи, нугас, шүлсний булчирхайд хуримтлагддаг байна. Иймд малчид, хөдөлмөрчид та бүхнийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: MNB