Тайванийн эрүүл мэндийн салбарын хөгжил, дэвшил дэлхийд болон азидаа дээгүүрт бичигддэг. Тайванийн эрүүл мэндийн салбартай танилцах боломж олдсон бөгөөд энэ үеэрээ тус улсын Юань Рөн эмнэлгийн дарга, Зүрх судасны их эмч Кон Шин Чантай ярилцлаа. Тэрээр Тайванийн Батлан хамгаалахын Үндэсний Хүрээлэн буюу Хятадын уламжлалт Анагаах Ухааны Үндэсний Академийг төгссөн нэгэн аж. Түүний суралцаж, төгссөн энэхүү сургууль нь Тайванийн хамгийн өндөр түвшний, хамгийн эртний цэргийн сургууль гэдгээрээ онцлог юм билээ. Кон Шин Чан эмч Тайванийн эрүүл мэндийн салбарт 29 дэх жилдээ ажиллаж буй бөгөөд тус улсын урдаа барьдаг шилдэг эмч нарын нэг ажээ.
Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Тайваньд Азийн төдийгүй өөр бусад орны оюутнууд олноор суралцдаг. Тэдэн дундаас монгол оюутнуудыг сонгож үзлэгт хамруулсан тухайд сонирхож болох уу.
-Би нэг түүх яръя. Одоогоос хоёр жилийн өмнө нэг монгол иргэн бидэнтэй холбогдон ирж байсан юм. Тэрээр хавдартай гэж Монголд оношлогдсон юм билээ. Ингээд бид тэр эмэгтэйд үзлэг, шинжилгээ хийтэл хавдар биш байсан нь оношлогдсон. Гэтэл тэр бүсгүй өөрийгөө хавдартай гэж сонсоод сэтгэл санаагаар ихэд хямарснаас гадна хавдартай өвчтөнүүдэд уулгадаг эмийг удаан хугацаанд уусан байсан. Ингээд тэрээр хавдар биш гэдгээ мэдээд сэтгэл санаа нь сэргээд нутаг буцсан даа. Эмч эрүүл, саруул болно гэдэг сайхан тохиол шүү дээ. Эрүүл саруул ажлаа хийж, олон өвчтөнийг эмчилж илааршуулах давуу талтай.
Энэ үйл явдал бидэнд нэг зүйлийг мэдрүүлсэн. Бид цаашид Монголын эмч нартай хамтран ажиллаж, туршлага солилцох нь зүйтэй юм байна гэдэг дээр нэгдсэн. Буруу онош тун аюултай. Харин яг энэ үед Болороо бидэнтэй холбогдсон. Ингэж л бидний үйл ажиллагаа Монгол руу чиглэсэн. Бид Монголоос зөвхөн өвчтөн авч ирэх биш эмч нарыг нь авч ирж сургалтад хамруулж, туршлага судлуулах хэрэгтэй юм байна гэж ярилцсан. Мөн манай улсад маш олон Монгол оюутан сурч байгаа тухай сонссон.
Тэд эцэг, эхээсээ хол, хэнд хаана хандаж, хэрхэн эмчлүүлэхээ мэдэхгүй байгаа шүү дээ. Тиймээс л бид оюутнуудыг энд суралцаж байх хугацаанд нь үнэ төлбөргүй бүх төрлийн үзлэг, шинжилгээнд хамруулах ажлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөсөн юм. Энэ жил хоёр дахь удаагийн үзлэгээ зохион байгууллаа. Хоол унд, шинжилгээний төлбөр, эмч нарын үзлэг бүгд үнэ төлбөргүй.
-Оюутнуудын хувьд та бүхний зохион байгуулсан энэхүү үйл ажиллагаанд ихэд сэтгэл хангалуун байсан?
-Баярлалаа. Бид хүн төвтэй үйлчилгээ үзүүлэхийг эрмэлздэг. Мөн бидний гол зорилго бол бусдад туслах. Бусдад туслах гэдэг бол маш сайхан зүйл. Хүн бүрт хийж чадах том буян гэх үү дээ.
-Сүүлийн жилүүдэд манай Монголчууд ямар нэгэн хэцүү өвчин туссан үедээ ч юм уу, онош нь тогтоогдохгүй байгаа тохиолдолд Энэтхэг, Тайвань зэрэг эрүүл мэндийн салбараараа дэлхийд тэргүүлэгч орнуудын эмнэлгийг бараадаж, оношилгоо, эмчилгээ авдаг болсон. Танай эрүүл мэндийн байгууллагыг зорьж ирж байгаа Монголчуудын хувьд ямар онош давамгайлж байна вэ?
-Монгол Улс газар зүйн байршлын хувьд жаахан алслагдмал болохоор эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах шаардлагатай өвчтөнүүд ихэвчлэн БНСУ, БНХАУ-ыг зорьдог. Гэхдээ сүүлийн үед Монголчууд Тайванийг зорих нь нэмэгдэж байна. Тэд ихэвчлэн буруу оноштой ирдэг. Мөн буруу оношоос гадна онош нь тодорхойгүй, эсвэл Монголд эмчилгээгүй гэсэн өвчтөнүүд давамгайлж байна. Бид тухай өвчнийг нь хэн сайн оношилж, эмчилж байна, тэр эмч рүүгээ явуулдаг.
-Буруу онош гэдэг бол өвчтөнд сэтгэл санааны асар их дарамт болохоос гадна санхүүгийн хувьд маш их зардалтай байх?
-Тийм ээ. Өвчтөн маш их шаналж, сэтгэл санааны дарамтанд орсон байдаг. Хэн нэгэн өвчтөн манай эмнэлгийг зорьж ирэхэд нь бид найдвартай эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг. Гэхдээ бид зар сурталчилгаа хийдэггүй. Тайваньд эм, эмнэлгийн байгууллагыг сурталчлах нь хуулиараа хориотой. Манайхаар үйлчлүүлсэн хүмүүс л бусад хүмүүст мэдээлэл өгч, ам дамжсан ярианы дагуу өөрсдөө зорьж ирдэг юм билээ. Миний хүсч байгаа зүйл бол Монголчууд зөв газраа очиж, зөв эмчилгээ авах нь чухал.
-БНСУ-ын эмч нар Тайванийн эмч нараас туршлага судалж, энд суралцдаг гэж сонссон. Энэ үнэн үү?
-Тэр үнэн. БНСУ-ын гоо сайхны эмч нар нь хүртэл Тайванийн технологийг судалж, суралцахаар зорьж ирдэг. Тайванийн эрүүл мэндийн салбар дэлхийд алдартай л даа. Манай улсыг зорьж ирсэн өвчтнүүд 100 хувь сэтгэл хангалуун буцдаг. Тайванийн эрүүл мэндийн салбар дэлхийд эмчилгээ, үйлчилгээгээрээ үргэлж нэг, хоёрдугаарт эрэмбэлэгддэг. Азид эрүүл мэндийн үйлчилгээгээр Тайланд, Сингапур тэргүүлдэг. Энэ нь зөвхөн үйлчлүүлэгчийг хүлээн авах, угтан авах үйлчилгээ талаасаа. Харин Тайвань цогц үйлчилгээтэй.
-Тэгвэл Тайванийн эрүүл мэндийн салбарын бусдаас ялгарах онцлог, голлох зарчим нь яг юу байдаг вэ. Цогц үйлчилгээ гэдгийг тодорхой тайлбарлана уу?
-Тайванийн эрүүл мэндийн салбар гурван зүйлийг чухалчилдаг. Чанар, үйлчилгээ, үр нөлөө. Өөрөөр хэлбэл, энэ нь цогц эмчилгээ, үйлчилгээг хэлж байгаа юм. Түүнээс гадна эм хангамж, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, эрүүл мэндийн баталгаат стандарттай учраас дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Гэхдээ хамгийн чухал зүйл бол хүнд туслах явдал гэж би өмнө нь хэлсэн шүү дээ. Тайванийн эмч нар үйлчлүүлэгчдээ нэн тэргүүнд тавьж, түүнд цаг заваа харамгүй зарцуулж, эрүүл болгохын төлөө ажилладаг. Тайванийн эрүүл мэндийн салбарын гол зарчим энэ.
Сэтгэл ханамжаас тухайн өвчтөн чанартай эмчилгээ, найрсаг үйлчилгээ авч бүрэн эдгэрэх явдал юм. Тиймээс бид өвчтнийг үүдээр орж ирэхэд нь л гэртээ орж ирсэн юм шиг халуун дулаан уур амьсгал мэдрүүлэхийг хүсдэг.
Мөн бидний эцсийн зорилго бол тухайн өвчтний сэтгэл ханамж. Сэтгэл ханамжаас тухайн өвчтөн чанартай эмчилгээ, найрсаг үйлчилгээ авч бүрэн эдгэрэх явдал юм. Тиймээс бид өвчтнийг үүдээр орж ирэхэд нь л гэртээ орж ирсэн юм шиг халуун дулаан уур амьсгал мэдрүүлэхийг хүсдэг. Яг л төрсөн үр хүүхэд, эцэг эхээрээ асруулж, халамжуулж байгаа юм шиг анхаарал тавьдаг гэж ойлгож болно.
-Яагаад эмч мэргэжлийг сонгосон бэ. Ямар нэгэн нийгмийн хүчин зүйл нөлөөлсөн үү?
-Би хөдөө тосгонд өссөн. Тэр үед Тайваньд эрүүл мэндийн даатгал гэж байгаагүй. Маш олон ахмад эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч чадахгүй өвчиндөө шаналдаг байлаа. Тэр бүхнийг хараад сэтгэл их өвддөг байсан. Ирээдүйд эмч болж энэ бүх эмчилгээний төлбөргүй хүмүүст тусална хэмээн бодож, мөрөөддөг байлаа. Мөрөөдлийнхөө дагуу их хичээж, өдөр шөнөгүй номын дуу сонссон. Тэгээд л өнөөдөр цагаан халадаа өмсөөд, бусдад туслах сайхан ажлаа хийж явна даа.
-Манай улсад эрүүл мэндийн даатгал байдаг хэдий ч хүн бүр түүний үр шимийг хүртэж чаддаггүй. Харин Тайвань өнөөдөр дэлхийд эрүүл мэндийн даатгалын үйлчилгээгээр дэлхийд тэргүүлж байна. Танай улсын хувьд эрүүл мэндийн даатгалын асуудлаа ямар замаар хэрхэн яаж шийдэж, өнөөгийн түвшинд хүрсэн бэ?
-23 жилийн өмнө Тайваньд эрүүл мэндийн даатгалын асуудал ид яригдаж байлаа. Тэр үеэс эрчимтэй бодлого, шинэчлэл хийгдэж эхэлсэн гэж ойлгож болно. Ингээд улсаас нийт төсвийнхөө 6.5 хувийг эрүүл мэндийн даатгалд зарцуулахаар төсөвлөж, хуульчилсан. Дэлхийд жишиг гэгддэг Америкт төсвийнхөө 17-18 хувийг эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулдаг. Гэхдээ эрүүл мэндийн даатгал гэж байдаггүй. Амь даатгалаар голчлон үйлчилгээ авдаг. Харин Тайвань ердөө 6.5 хувийг эрүүл мэндийн даатгалд төсөвлөсөн хэдий ч өнөөдөр хүн амын 99 хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, эмнэлгийн үйлчилгээг хүртээмжтэй авч чадаж байна. Тайванийн удирдлагууд ямар өвчтөн, ямар үйлчилгээг хэдэн төгрөгөөр авах вэ, үүнд даатгалын хэдэн хувийг зарцуулах вэ гэдгийг нэг бүрчлэн тогтоож өгсөн байдаг. Ингээд эмнэлэгт даатгалаар хөнгөлөлт эдэлж үйлчлүүлсэн хүний төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас тухайн эмнэлэг рүү нь шилжүүлдэг.
Өөрөөр хэлбэл, маш бага төсвөөр эрүүл мэндийн салбараа Тайваньчууд хөгжүүлж чадсан.
-Маш бага төсвөөр хөгжүүлсэн гэхээр гол цэгээ олж бодлогоо явуулсан байх нь. Яг юунаас ажлаа эхэлсэн бол?
-Тайваньд Нийгмийн Эрүүл мэндийн яам гэж тусдаа бий. Энэ яам маш чухал үүрэгтэй. Тэр яамнаас олон нийтийг эрүүл зан үйлд уриалах, эрүүл мэнддээ анхаарах, эрүүл мэндийн даатгалын үр ашиг, ямар үйлчилгээ авах, урьдчилан сэргийлэх үзлэгийн ач холбогдол, хуваарь, өвчний тухай мэдээлэл, сурталчилгааг сайн түгээдэг. Энэ бол маш чухал. Тиймээс Тайваньчууд хуулийн дагуу эрүүл мэндийн үйлчилгээг авч чаддаг.
Ер нь урьдчилан сэргийлэх үзлэг маш чухал. Тайваньд 30 насанд ямар шинжилгээ, үзлэгт орох ёстой вэ, 40, 50 насанд юуг анхаарах ёстой вэ? Ямар шинжилгээ заавал өгөх вэ гэдэг ойлголтыг иргэдэд байнга өгдөг. Жишээ нь, 30 насанд эмэгтэйчүүд умайн хүзүү, хөхний хорт хавдрын эрт илрүүлгийн шинжилгээнд заавал хамрагдах ёстой байдаг. Энэ шинжилгээг жил тутамд Тайванийн эмч нар явуулын лаборатори ажиллуулж, гэрийнх нь ойролцоо очиж үнэ төлбөргүй авдаг. Мөн шулуун, бүдүүн гэдэсний хавдрыг хоёр жил тутамд нэг удаа үнэ төлбөргүй авдаг.
-Иргэд хэр идэвхтэй хамрагддаг вэ?
-Иргэд маш идэвхтэй хамрагддаг. Бид үзлэгийн мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс гадна байрных нь лифтэнд наачихдаг. Мөн үзлэгт ирсэн хүн бүрт эрүүл мэндийн бүтээгдэхүүн бэлэглэдэг.
-Манай улсад олон нийтийг хамарсан үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээ явагддаг. Гэхдээ иргэдийн идэвх бага байгаа талаар эмч нар ярьдаг. Гол идэвхжүүлэлт нь юу вэ?
-Хамгийн чухал нь бэлэг. Гэхдээ эрүүл мэндэд хэрэгтэй бэлэг байх ёстой. Гэртээ хоолоо хийгээд авч явж бай гэсэн санаа өгөхүйц эрүүл мэндэд ээлтэй хоолны сав өгөх ч юм уу /инээв/. Энэ бол наргиа шүү. Үнэндээ энэ тийм ч чухал асуудал биш. Гол нь Тайванийн Нийгмийн эрүүл мэндийн яамнаас иргэддээ мэдээлэл, сурталчилгааг маш сайн түгээдэг. Сайн мэдээлэл түгээх л хэрэгтэй.
-Эрүүл мэндийн даатгал эмийн сангуудад хэрхэн яаж үйлчилдэг вэ. Манай улсад хөнгөлөлттэй эмийн жагсаалт гэж гаргаад түүнийг нь тодорхой нэр дурдсан эмийн сангуудаас худалдан авалт хийхэд хөнгөлөлттэй үнээр авдаг. Харин танайд…?
-Ямар ч эмнэлэг, эмийн сангаас эм авсан бай эрүүл мэндийн даатгал үйлчилнэ. Учир нь, эмнэлэг бүр өөр өөрийн эмийн сантай. Эмч бичиж өгсөн эмийг л эмийн санч олгоно. Харин дурын иргэн эрүүл мэндийн даатгалаа барьж очоод хүссэн эмээ авах боломжгүй. Үүнийг хуулиар хориглосон байдаг. Иргэдийг зөв зан үйлд хөтлөх сургалт, ухуулга сайн тараах хэрэгтэй гэж бодож байна.
-Монголын эмч нар саяхан Тайваньд ирж туршлага судлаад буцахад нь би таарсан. Та бүхэн одоо манай улсын ямар эмнэлгүүдтэй хамтран ажиллаж байна вэ?
-Бид Монголын эмч нар, эмнэлгүүдтэй хамтран ажиллаад дөрөв дэх удаагийн уулзалт, сургалтаа зохион байгуулаад байна. Гэмтэл, согог судлалын үндэсний төв, Арьсны өвчин судлалын төвийн эмч нар саяхан /2018.05.18/ Тайваньд ирээд манай холбооны эмнэлгүүдтэй танилцаад явлаа. ГССҮТ-ийн эмч нар өөрсдөө бидэнд санал тавьж, холбогдсон. Бид цахим мэдээллийн сургалт зохион байгуулсан. Мөн Тайвань эмч нарыг Монголд урьж, хагалгаа хийлгэх санал тавьсан. Хэрвээ тоног төхөөрөмжийн хүрэлцээгүй бол Монгол эмч нарыг дагалдуулаад Тайваньд авч ирж мэс засал хийх боломжтой. Энэ талаар ярилцсан. Бидний цаашдын үйл ажиллагаа энэ мэтчилэн улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Цаашлаад бидний гол зорилго бол Монголын эрүүл мэндийн салбарт өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулах.
-Танай холбоонд ямар эмнэлгүүд багтдаг вэ?
-Манай холбоонд Тайванийн улсын хоёр том эмнэлэг, хувийн хоёр эмнэлэг буюу нийтдээ дөрвөн эмнэлэг харъяалалтай. Тайчун хотод байрлах Ахмад дайчдын эмнэлэг, Тайпей хотод байрлах Цэргийн Ерөнхий эмнэлэг. Юанлинь /Yuanlin county/ дүүргийн Юань Рөн, Юань Шен /Yuan Rung, Yuan Sheng/ эмнэлэг. Энэ эмнэлгүүд бол дүүргийн эмнэлэг. Манай холбооны эмнэлгүүд дөрвөн чухал үзүүлэлтээр Тайваньд тэргүүлдэг. Эмнэлгийн удирдлага, цахим мэдээллийн сан буюу IT технологи, сэтгэл ханамжтай үйлчилгээ, сургалтын бааз. Манай эмнэлгүүд ямар ч өвчтөн ирсэн бүрэн эмчлэх боломжтой. Бүх төрлийн цогц эмчилгээ, үйлчилгээг өвчтөнд үзүүлдэг. Цогц эмчилгээгээр ч Тайваньдаа тэргүүлдэг.
-Цахим мэдээллийн сангийн тухай ярьж байна. Монголд зарим эмнэлгүүдэд нэвтрүүлэх ажиллагаа одоо хийгдэж байна. Цахим мэдээллийн сантай болсноор Тайванийн эмнэлгүүдэд ямар өөрчлөлт гарсан бэ?
-Тайвань IT технологиороо мөн л дэлхийд тэргүүлдэг. Энэ бааз дээрээ суурилаад эмнэлгүүдээ цахимжуулсан. Ингэснээр эмч нарын ачаалал буурч, өвчтнүүдийн стресс үгүй болсон. Мөн эмч, өвчтний цаг завыг хэмнэж, ухаалаг технологийг бүрэн утгаар нь ашиглаж, мэдээллийн нэгдсэн баазтай болгосон давуу талтай. Ер нь Тайванийн эрүүл мэндийн салбар эмчилгээ, үйлчилгээнээс гадна эмнэлгийн цахим мэдээллийн нэгдсэн сан, эмнэлгийн удирдлагын тогтолцоо, халдваргүйжүүлэлт, эмч нарын сургалтын баазаараа дэлхийд алдартай, хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Цаашид Монголын эмнэлгүүдтэй энэхүү дөрвөн давуу талаа түшиглэн хамтарч ажиллахад нээлттэй байх болно.
-Эмчээ үнэлж чадсан учраас Тайванийн эрүүл мэндийн салбар хөгжсөн-
-Танай улс эрүүл мэндийн салбарынхаа эмч, мэргэжилтнүүдийг хэрхэн хөгжүүлдэг вэ. Гадаадын улс орнуудад аваачиж, сургалатад хамруулдаг уу, эсвэл дотоодынхоо нөөц бололцоон дээр түшиглэн хөгжүүлж байна уу?
-Энэ асуудлаа дотооддоо шийдчихдэг. Харин үнэхээр Тайваньд байхгүй шинэ тоног төхөөрөмж нэвтрүүлсэн тохиолдолд л гадаад руу явж туршлага судлуулдаг. Ер нь Тайванийн анагаах ухааны салбарын хөгжил бусад улс орнуудаас илүү хөгжсөн байдаг. Тиймээс дотоодын лаборатори, технологийг түшиглэн эмчг, мэргэжилтнүүдээ хөгжүүлдэг. Манай улсад эмч нар долоон жил суралцаж төгсдөг. Үүний дараа мэргэжлийн эмчийн үе шат гэж бий. Энэ хугацаандаа маш олон сургалт, дадлагуудыг хийсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл, олон шатлал дамжиж жинхэнэ эмч болно. Дотрын эмч, хагалгааны эмч, гэр бүлийн эмч гэх мэтээр нарийн мэргэшиж, тусгай зэргээ авна. Ажиллаж, дадлагажиж байх хугацаандаа оноогоо буюу кредитээ цуглуулж дараа нь шалгалт өгөөд нарийн мэргэжлийн эмч болно.
-Бүх насаараа суралцсаар байх нь ээ. Тэгвэл эмч нарын нийгмийн асуудал болон хангамж нь хэр байдаг юм бэ?
-Тайваньд эмч бол номер нэг үнэлгээтэй. Хамгийн өндөр цалинтай, нийгмийн баталгаатай мэргэжил. Цалин нь хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээнээс тав дахин өндөр. Олон жил зарцуулан суралцаж төгссөн ч нийгмийн хангамж, баталгаанд санаа зовохгүй ажлаа хийж чаддаг. Эмч нар нийгэмд өндөр байр суурь эзэлдэг учраас ард түмэн ч бас эмч нарыг маш их хүндэтгэдэг. Тэд хүүхдээ эмч болголоо гэхэд тэр хүний амьдрал баталгаатай болдог. Ер нь Тайванийн эмч нарын үнэлгээ, нийгэмд өндөр байр суурь эзэлдэг энэ тогтолцоо Японы колоничлолын үеэс улбаатай.
БНХАУ-ын хувьд эмчийн мэргэжил хоёроос гуравдугаарт эрэмбэлэгддэг бол Тайваньд нэгдүгээрт бичигддэг. Тэр ч утгаараа Тайванийн эрүүл мэндийн салбар өнөөгийн түвшинд хөгжиж чадсан.
-Дээр та эмнэлгийн удирдлагын зохион байгуулалтаараа алдартай гэж ярьсан шүү дээ. Эмнэлгийн дарга, удирдлагыг хэрхэн яаж сонгодог вэ?
-Тайванийн эмнэлгийн 70 хувь нь хувийн хэвшилд, 30 хувь нь улсын харъяалалд байдаг. Тиймээс эмнэлгийн удирдлага сонгох асуудал улс төрөөс хараат бус байдаг. Улсын эмнэлгийг ЭМЯ-наас сонгож, хувийн эмнэлгийг дотроосоо тодорхой шалгуурын хүрээнд сонгодог. Хувийн эмнэлэг хувьцаа эзэмшигчидтэй. Тиймээс ТУЗ-өөс хэлэлцэж шийдвэрлэдэг. Тэд эмчийн ажилласан жил, туршлага, мэдлэг, ур чадвар зэргийг харгалзан үзэж байж сонгодог.
-Цаашид Монголын эрүүл мэндийн салбартай хэрхэн яаж хамтарч ажиллахаар төлөвлөж байна вэ. Зарим эмнэлгүүдэд тоног төхөөрөмж хандивлах үйл ажиллагаа яригдаж байгаа гэж сонссон?
-Бид хоёр зорилго тавьсан. Өвчтнүүдэд чанартай эмчилгээ, үйлчилгээ үзүүлж, сэтгэл хангалуун буцаах. Үүнээс гадна хамгийн чухал зүйл бол эмч нарыг сургах, мэргэшүүлэхэд туслалцаа үзүүлэх юм. Энэ бүхний үр дүн нь ирээдүйд эерэг өөрчлөлтийг Монголын эрүүл мэндийн салбарт авч ирээсэй гэж хүсч байна. Түүнээс биш яг тэгнэ, ингэнэ гэж төлөвлөж, тооцоолсон зүйл байхгүй. Харин тоног төхөөрөмж бэлэглэх, хандивлах үйл ажиллагааг цаашид ярилцаж байж шийднэ. Явц дунд хамтын ажиллагаа улам бүр өргөжих байх гэж найдаж байгаа.
-Ярилцсанд баярлалаа. Та бүхний хамтын ажиллагаа, ажил үйлсэд амжилт хүсье.
-Баярлалаа. Танд ч бас амжилт хүсье.
Ярилцсан: П.Мөнхжаргал