Д.Ядамдорж: Өнгөрсөн 14 хоногт цагдаагийн хэлтсүүдэд гэмт хэрэг, зөрчлийн 24156 дуудлага хүлээн авсан

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж:  “Өнгөрсөн 14 хоногт нийслэлийн дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд гэмт хэрэг, зөрчлийн 24156 дуудлага, мэдээлэл хүлээн авсан. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 1598, зөрчлийн шинжтэй 18482, зам тээврийн 4075 дуудлага мэдээлэл байна. Гэмт хэргийн шинжтэй нийт дуудлага, мэдээлэл 87, хулгайлах гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээлэл 54 нэгжээр тус тус буурсан байна. “Аз жаргалтай хот”, “Эргүүл дэд” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын оюутны холбоотой хамтран оюутан залуучуудыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах, тэдэнд аялал жуулчлал, соёлын үйлчилгээний мэдээлэл түгээх зорилгоор 40 оюутанг сонгон шалгаруулж “Оюутан цагдаа-2018” арга хэмжээг энэ оны 06 сарын 01-ний өдрөөс эхлүүлээд байна” гэж танилцуулав.

Мөн “Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 2746 дуудлага мэдээлэл хүлээн авч 815 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэж, хүн гэмтсэн гэмт хэргийн шинжтэй 128 бүртгэгдсэн байна. Өнгөрсөн оны мөн үед хүний амь нас, эрүүл мэнд хохирсон осол 135 бүртгэгдэж байсан бол энэ оны мөн үед 128 бүртгэгдэж 5.2 хувиар буурсан дүнтэй байна” гэж Замын цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөнийг зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Батболд мэдээллээ.