Нийслэлийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд шалгалт явууллаа

Улаанбаатар хотын Ерөнхий Менежерийн 2018 оны А/70 тушаалын дагуу нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хот орчмын чиглэлд их болон дунд багтаамжийн автобус, троллейбусаар үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд түвшин тогтоох шалгалт явууллаа.

Тус шалгалтыг батлагдсан хуваарийн дагуу 2018 оны 04 дүгээр сарын 02-ноос 22-ны өдрүүдэд явуулан нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 21 аж ахуй нэгж байгууллагуудыг хамруулсан. Монгол Улсын Автотээврийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм, Замын хөдөлгөөний дүрэм, Монгол Улсын стандартууд болон Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээний үүргийн биелэлтийг шалгах хүрээнд дараах чиглэлээр шалгалтыг явуулсан. Үүнд:

  1. Материаллаг бааз
  2. Нийтийн тээврийн үйлчилгээний байдал

2018 оны 06 сарын 04-ний өдөр Түвшин тогтоох шалгалтын дүнгийн хурлыг зохион байгууллаа.

Шалгалтын нэгдсэн дүнгээр “Бүрэн хангалттай”үнэлгээ авсан “Тэнүүн-Огоо 3 дугаар бааз” ХХК, “Тэнүүн-Огоо” ХХК, “Трансбус” ХХК, “Блюбус” ХХК, “Сутайн буянт” ХХК, “Эмсид” ХХК-уудад Улаанбаатар хотын Ерөнхий Менежерээс “Батламж” гардуулсан юм.  Мөн уг шалгалтаар 13 байгууллага “Хангалттай” үнэлгээтэй дүгнэгдсэн бол “Морь барьдаг” ХХК  нь “Хангалтгүй” үнэлгээтэй дүгнэгдсэн “Аз сервис” ХХК “Нийтийн тээврийн үйлчилгээний нөхцөл шаардлагыг хангахгүй” үнэлгээ авсан байна. “Хангалтгүй” болон “Нийтийн тээврийн үйлчилгээний нөхцөл шаардлагыг хангахгүй” дүгнэгдсэн байгууллагуудад арга хэмжээ тооцон ажиллаж байна.

Түвшин тогтоох шалгалтын дүнгийн хурлаас нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч нийт аж ахуй нэгж, байгууллагуудад тус бүрт нь үйл ажиллагаагаа  сайжруулах, цаашид анхаарч ажиллах чиглэлээр “Зөвлөмж” хүргүүлэн, “Зөвлөмж”-ийн хэрэгжилтийг хангуулан, илэрсэн алдаа дутагдлыг арилгаж, үйлчилгээний чанар, соёлыг сайжруулан ажиллахыг мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Нийслэлийн Тээврийн газар