Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд МУИС-ийн багш нарын төлөлөөллийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд МУИС-ийн багш ажилтнуудын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзаж тэдний санал бодлыг сонслоо. МУИС-д хууль бус үйлдэл хэрээс хэтэрсэн, оюутны дүн засдаг, шаардлага хангаагүй оюутан элсүүлдэг, төгсгөдөг, багш ажилтан, оюутнуудад дарамт шахалт үзүүлдэг, аудитын дүгнэлтээр их хэмжээний санхүүгийн зөрчил илэрсэн, үүрэг гүйцэтгэгч захиралтай жил гаруй болж байгаа, сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг яаралтай зарлах гэх мэт асуудлаар МУИС-ийн багш нарыг төлөөлж доктор Г.Элдэв-Очир, дэд профессор доктор Д.Дашдулам, доктор Д.Амартүвшин, профессор доктор Ж.Бат-Ирээдүй зэрэг багш нар мөн Оюутны хөгжил үйлчилгээний газрын мэргэжилтэн Ш.Солонго нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболдтой уулзаж ярилцлаа. Зарим хуулиуд болон Монгол Улсын Их Сургуулийн дүрэм журмыг зөрчсөн талаархи мэдээлэлд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газар анхаарал хандуулж ажиллах болно хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд хэллээ.