“Монгол туургатны бөхийн барилдаан”-д Монгол Улсын гарьд Б.Гончигдамба түрүүллээ

Төв цэнгэлдэх хүрээлэнд өнгөрсөн бямба гарагт “Монгол туургатны бөхийн барилдаан” болж, үндэсний бөхийн барилдаанд Монгол Улсын гарьд Б.Гончигдамба түрүүллээ. Энэхүү барилдаанд манай улсын алдар цолтой бөхчүүдээс гадна БНХАУ-ын Өвөрмонгол, ОХУ-ын Тува, Буриадын бөхчүүд ирж, монгол туургатны бөхийн гурван төрлөөр уран мэхийх уралдуулан өрсөлдөв.

Барилдаанд 128 бөх зодоглосон бөгөөд Үндэсний бөхийн барилдаанд Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын гарьд Б.Гончигдамба, харцага Б.Бат-Өлзий, Улсын начин Т.Санчир тэргүүтэн зодоглосон юм. Тус барилдааны үзүүрт улсын харцага Б.Бат-Өлзий шалгарав.

Харин ОХУ-ын Буриад, Тува улсаас 10 орчим бөх хүч сорихоор ирсэн юм. Монгол туургатны Буриад бөхийн барилдаанд аймгийн арслан Т.Бэгзсүрэн түрүүлж, сумын заан Өлзийсайхан үзүүрлэлээ. Их шөвөгт улсын харцага Д.Бат-Эрдэнэ, аймгийн арслан Ц.Сандагдорж нар үлдэв.

Мөн Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Т.Нямжаргал "Монгол Туургатны бөхийн барилдаан"-ы азтай үзэгчээр тодорч “ПРИҮС-30” маркын автомашин хожлоо.