Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, ХАБЭА-н Үндэсний хорооны дарга С.Зулпхар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат, МХЕГ-ын хөдөлмөрийн эрүүл ахуйн хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс болон бусад албаны хүмүүс “ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА-2021” болзолт уралдааны Зам тээврийн салбарын тэргүүн байрын эзэн “Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар татах хэсэг”-ийн үйл ажиллагаатай танилцав.

Улаанбаатар татах хэсэг нь анх 1956 онд байгуулагдсан бөгөөд Зүүн хараа, Чойр, Мөрөн, Багануур, Улаанбаатар гэх чиглэлд зорчигч, ачаа тээвэр, илчит тэрэгний ашиглалт, засварыг гүйцэтгэж Төмөр замын тээврийн тасралтгүй үйл ажиллагааг 24 цагийн турш ханган ажилладаг байна. Уг байгууллага нь 1231 ажилтантай үүнээс илчит тэрэгний машинистаар 461, илчит тэрэгний засварчинаар 535, инженер техник болон контор захиргааны 235 ажилтантай.

Улаанбаатар  татах хэсгийн дарга П.Энхмөнх "Манайх олон хэвийн бус ажлын байртай. Тиймээс  ажилчдынхаа эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх  талд илүү анхаарч ажилладаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй бол тухайн хувь хүнээс ихээхэн шалтгаалдаг учраас хувь хүндээ хүрч ажиллах, сургалт мэдээллээр тасралтгүй хангаж байх нь чухал. Ерөнхийдөө манайх 3 шатны ХАБЭА-н үзлэгээр байнгын хяналт тавьж ажилладаг” гэдгийг онцлов. Энд ажилчдын эрүүл мэндийг дэмжих,  зорилгоор фитнесс, спорт заал, дартс, теннис, даам, шагайн харваа гэх мэт клубууд тогтмол ажилладаг байна. Мөн орчин үеийн тоног төхөөрөмж бүхий хэрэгслээр хангасан "Зүтгүүрчин" сувилал үйл ажиллагаагаа явуулдаг аж.  

“ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА-2021” болзолт уралдаан нь үйлдвэрлэлийн орчин, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулж, ажилтныг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, бусад эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгж байгууллагаас явуулж буй үйл ажиллагаа санаачлагыг урамшуулан дэмжих, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх нь болзолт уралдааны гол зорилго юм.