“Монгол хүүхдүүд” баярын зохион байгуулагчид мэдээлэл өглөө

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Сүхбаатарын талбайд болох “Монгол хүүхдүүд” баярын зохион байгуулагчид өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш, Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Ц.Цэрэнпунцаг, Замын цагдаагийн албаны хамгаалалтын хэлтсийн чиглэлийн байцаагч цагдаагийн хошууч Н.Пүрэвсүрэн, Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга хурандаа Г.Нэргүй нар оролцсон.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын арга хэмжээ маргааш буюу зургаадугаар сарын 1-нд Сүхбаатарын талбайд 09.00-17.00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд албан ёсны нээлт 11.00 цагт болно. Баярын хөтөлбөрт хүүхдэд зориулсан урлагийн наадам, хөгжөөнт тоглоом, бичил амьтны хүрээлэн зэрэг багтсан. Ерөнхий найруулагчаар УДЭТ-ын найруулагч С.Болд-Эрдэнэ ажиллаж байгааг Нийслэлийн соёл урлагийн газар (НСУГ)-ын дарга Ж.Дамдинсүрэн  хэллээ.

Эх үрсийн баярын өдөр автомашин улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Мөн Сүхбаатарын талбайн баруун болон зүүн талын автозамыг 09.00-17.00 цагийн хооронд хаахыг зохион байгуулагчид онцлов. Баярын өдрүүдэд цаг агаар хэт халж, хуурайших төлөвтэй тул хүүхдээ наршихаас сэргийлэх, ногоон бүсэд амарч, зугаалж яваа тохиолдолд ил гал гаргахгүй, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй анхааруулаа. Түүнчлэн хүүхдүүдэд ил задгай борлуулж буй, наранд хэт халсан бүтээгдэхүүн авч өгөхгүй байх, тоглоом дээр хүүхдээ тоглуулах бол хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах шаардлагатайг НМХГ-аас сануулсан юм.

“Монгол хүүхдүүд” баярын арга хэмжээний үеэр Нийслэлийн Цагдаагийн газрын 700 алба хаагч Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэнд хэв журмыг сахиулах чиглэлээр ажиллана. Харин НМХГ-ын 150 албан хаагч Сүхбаатарын талбайд хүнсний аюулгүй байдалд хяналт тавих юм. Баярын арга хэмжээний үеэр бага насны хүүхэд эцэг эхээсээ төөрөх тохиолдол цөөнгүй бүртгэгддэг. Тиймээс Сүхбаатарын талбайд төөрсөн хүүхдийг түр хамгаалах асрыг байрлуулах, хүүхдүүдэд эцэг, эхийн нэр, утасны дугаарыг бичих бугуйвчийг тараахаар төлөвлөсөн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.