ОХУ-д АИ-92 бензины үнэ 76 копеекоор өсч, литр нь  40 рубль 76 копеект хүрчээ

ОХУ-д энэ өнгөрсөн долоо хоногт бензин шатахууны үнэ  эрс  өссөн  байна. Үүнийг мэдээлэл судалгааны "Кортес" төвийн мэдээллүүд баталж байна. Тодруулбал, өнгөрсөн 21-27-ны өдрүүдэд АИ-92 бензины үнэ 76 копеекоор өсч, литр нь  40 рубль 76 копеект хүрчээ.

Мөн АИ маркийн бензины үнэ 79 копеекоор өсч, литр нь 43.6 рубльд хүрсэн байна. Харин дизелийн түлшний үнэ литр тутамдаа 79 копеекоор нэмэгдэж  46 рубль 65 копеект хүрсэн байна. Москвагийн шатахууны ассоциациас нийслэл хотын шатахуун түгээгүүрийн станциуд дээр бензин шатахууны үнэ   88-90 копеекоор өссөнийг мэдээлж байна. Ийнхүү бензин шатахууны жижиглэнгийн үнэ өссөнийг газрын тосны бүтээгдэхүүний хямд  нөөц  дууссантай холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. 

Өөрөөр хэлбэл, одоо худалдан авч байгаа бүтээгдэхүүний өөрийн өртөг нэмэгдсэн учир ийнхүү үнээ шуурхайлан нэмсэн гэж үзэж байна. Түүнчлэн ОХУ-ын Эрчим хүчний  сайд  Александр  Новак харин өмнө нь  Орост бензин шатахууны онцгой албан татварын хэмжээг бууруулснаар үнэ нь эрс  савлахаас сэргийлж чадна гэж мэдэгдэж байсан. Тиймээс үүнээс өмнө  Газрын тосны  компаниуд үнээ нэмлээ  гэсэн таамаг байна. 

Мөн монополийн эсрэг холбооны алба дотоодын зах зээлээс илүү гадагш нь экспортлох нь ашигтайд тооцдог газрын тосны компаниуд  буруутай гэж үзэж байна. Харин газрын тосны компаниуд онцгой албан татварын үнэ буурлаа ч зээлийн хүү өндөр байгаа учир бензин шатахууны үнэ буурахгүй  гэдгийг сануулж байна.

Эх сурвалж: Moнголын мэдээ