Мэргэжлийн боксын чансаа дахин шинэчлэгдэж, Монгол Улсын гавьяат тамирчин, олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Г.Төгсцогт шилдэг аравт багтжээ.
Өдгөө “King Tug“ нэрээр тулалдаж буй тэрбээр өнгөрсөн бямба гарагт Колумбын боксчин Оскар Эскандонтой хийж ялалт байгуулсан юм. Тус тулаан АНУ-ын Миссиссиппи мужийн Билокси хотод болсон юм.
Үүний дараа дээрх чансаа шинэчлэгдсэн аж. Оскар Эскандон сонирхогчдын боксоор 2004 оны Афины олимпод оролцож байжээ. Мөн 2008 оноос хойш мэргэжлийн рингэнд 28 тулаан хийж, 25 удаа ялалт байгуулж, гурван удаа ялагдсан байна. “Дайчин” хочит Эскандон 2014 оны арванхоёрдугаар сард WBO-ийн хагас хөнгөн жингийн дэлхийн аварга цолыг хүртэж байжээ.
Сонирхуулахад, шилдэг 10 тамирчинд Мексикийн гурав, Английн дөрөв, АНУ-ын хоёр, Монголын нэг тамирчин багтсан байна.