ГХЯ: Монгол оюутнуудад тусламж хүргэж чадахгүй байна

Гадаад харилцааны яамнаас Украин дахь иргэдийг татан авах ажлын талаар өдөр бүр 15.00 цагаас мэдээлэл өгч байгаа. Өнөөдрийн мэдээллийн цагт Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр оролцож нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Хоёрдугаар сарын 24-нөөс хойш 24 иргэнийг аюулгүй бүсэд оруулсан байна. Үүнээс гурван иргэн нь Монгол Улсдаа ирсэн. Гуравдугаар сарын 3-нд 15 иргэн Монголд ирнэ. Гурван иргэний билет өнөөдөр баталгаажсан, хоёр иргэн сайн дураараа тэнд үлдэхээр болсон. Украин Польшийн хил дээр найман иргэн ирсэн.

Элчин сайдын яамны ажилтнууд хил рүү орж авахаар ажиллаж байна. Нөхцөл байдал хамгийн хүнд байгаа Харьков хотод өнөөдрийн байдлаар 18 оюутан, нэг иргэн, түүний эхнэр, хоёр хүүхэд, мөн өөр нэг Украин иргэншилтэй монгол охин бий. Харьковт байгаа хүмүүс бүгд хоргодох байранд байгаа. Эдгээр иргэнийг аюулгүй татан авахад төвлөрч, мэдээлэл солилцон ажиллаж байна. Нөхцөл байдал тухайн газарт маш хүнд байгаа. Харьков руу орох, гарах хөдөлгөөн бүрэн хаагдсан.

Олон улсын Улаанзагалмайн нийгэмлэгийг нэвтрүүлэхгүй байгаа. Бидний хувьд Монгол дахь Улаанзагалмайн нийгэмлэгтэй холбоотой ажиллаж байна. Мөн Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай холбоотой ажиллаж байгаа. Тусламж үзүүлэх болон аюултай бүсээс хэрхэн аюулгүй гаргаж авах вэ гэдэг чиглэлээр хамтарч ажиллаж байна. Иргэдийг татан авахтай холбоотойгоор холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцно. Гэхдээ хамгийн түрүүнд оюутнуудаа авах ажил хамгийн чухал байна” гэсэн юм.