Жүдо бөхийн гран-при тэмцээн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод хоёр өдөр болж, өчигдөр өндөрлөлөө. Энэ тэмцээн нь 2020 оны Токиогийн олимпийн наадмын сонгон шалгаруулалтын эхлэл юм.
Тэмцээнд 46 орны 360 жүдоч (эрэгтэй 196, эмэгтэй 164) өрсөлдсөн Хөх хотын гран-при тэмцээнд олимпийн наадам, ДАШТ-ий медальт олон тамирчин өрсөлдсөнөөрөө онцлог байлаа.
Уг тэмцээнээс эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр алтан медаль хүртэж, Монгол түмнээ баярлуулсан үйл явдал боллоо.
Манай бөх Н.Түвшинбаяр нь Бразил, Ираны бөхчүүдийг цэвэр ялж хагас шигшээд үлдээд байв. Улмаар Узбекистаны Олтивоев Бекмуродыг мөн гурван минутад цэвэр ялж, шигшээ барилдаанд шалгарсан юм. Энэ жинд өрсөлдсөн Ө.Дүүрэнбаяр ОХУ, БНСУ, Бразилын бөхчүүдийг ялан Н.Түвшинбаяртай барилдахаар болсон юм. Барилдаанд Н.Түвшинбаяр 1 минут 55 секундэд цэвэр ялалт байгуулсан. Ийнхүү Хөх хотын гран-при тэмцээний сүүлийн өдөр манай хүнд жингийн бөхчүүд үнэмлэхүй амжилтыг үзүүлж, нэг алт, хоёр мөнгөн медаль хүртсэнээр баг тамирчдынхаа амжилтыг ахиуллаа.
Энэ удаагийн Хөх хотод болсон жүдо бөхийн гран-при тэмцээнээс 17 орон ямар нэгэн медаль хүртсэнээс Японы баг тамирчид долоон алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар итгэл төгс тэргүүлсэн бол БНСУ гурван алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл, Монголын баг тамирчид нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медальтайгаар гуравдугаар байрт жагслаа.