Түймрийн голомтод 180 гаруй алба хаагч ажиллаж байна

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Шарлангын гол” гэдэг газар тавдугаар сарын 17-нд гарсан ойн түймрийн голомтод ОБЕГ, Аврах тусгай анги, Нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газраас нийт 180 гаруй алба хаагч, 12 автомашин, 6 морьтойгоор түймрийг унтраахаар ажиллаж байна.

Тавдугаар сарын 21-ний өдрийн байдлаар түймрийн хойд болон баруун хэсгийн түймрийн тархалтыг зогсоосон. Түймрийн голомтод өчигдөр  бороо, хур тунадас холилдон орсон боловч унанги мод их, хөвд доогуур шатлага явагдаж, гэнэтийн хүчтэй салхи гарч байгаа талаар түймрийн голомтоос мэдээллээ.

Түймрийн голомтод ажиллаж буй алба хаагчдад хоол хүнс, бусад хангамжийг хүргэхээр өнөөдөр Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е нисдэг тэргээр Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Байгаль орчин, аялал жуучлалын яамны дэд сайд Ц.Батбаяр, Байгаль орчин, аялал жуучлалын газрын дарга Б.Оюунсанаа нарын бүрэлдэхүүн түймрийн голомт руу нислэг үйлдлээ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар