Хаан банкинд 493,387,520 төгрөгийн торгууль тавьжээ

Шударга, өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас иргэд, хэрэглэгч, аж ахуй нэгжээс ирүүлсэн гомдол, саналын мөрөөр хийгдсэн хяналт, шалгалтын ажил болон зарим онцлох ажлуудыг  өнөөдөр танилцуулж мэдээлэл хийлээ. 

"Хаан банк хууль зөрчиж байсан нь тогтоогдсон"

ШӨХТГ-ын дарга Б.Лхагва: ШӨХТГ-т ирүүлсэн мэдээллийн мөрөөр шалгахад “Хаан банк" ХХК нь 2017 оны аравдугаар сарын 5-ны өдрийн 02/381 тоот тушаалаар Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа эрхлэгч даатгал, үнэт цаас, хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллага болон ломбардын харилцах дансны доод үлдэгдэл 20,000 төгрөг байсныг 1,000,000 төгрөг, жилийн хүү 0%, данс хөтөлсний хураамж авдаггүй байсныг cap бүр 5,000 төгрөг авах шийдвэрийг гаргасан байна. Түүнчлэн шийдвэртэйгээ холбогдуулан Хаан банкны зүгээс харилцагч санхүүгийн байгууллагуудад дээрх нөхцөлтэйгөөр гэрээгээ шинэчлэх, шинэчлээгүй тохиолдолд данс гүйлгээг хязгаарлаж зарлагын гүйлгээ хийхгүй байх анхааруулгыг хүргүүлжээ. 

ШӨХТГ-ын хийсэн шалгалтаар Хаан банк ХХК-ийн дээрх үйлдэл нь өрсөлдөөний тухай хууль, зөрчлийн тухай хууль зөрчсөн нь баримтуудаар нотлогдсон тул 493,387,520 төгрөгийн торгууль ногдуулсан" гэлээ.  

"ОНХМ-ийн хэрэгслүүд “Alivemax” компанийн бүтээгдэхүүний талаар худал мэдээлэл өгчээ" 

Мөн Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Alivemax” компанийн бүтээгдэхүүний талаар худал мэдээлэл өгч байгаа тухай ШӨХТГ-т ирүүлсэн иргэдийн гомдлын дагуу хяналт, шалгалтыг хийсэн байна. Шалгалтаар “Сакуралайфмакс” ХХК нь өөрийн импортлон худалдаалдаг “Alivemax” компанийн “хүнсний бүтээгдэхүүний ангилал"-д хамаарах 4 нэр төрлийн бүтээгдэхүүнийг эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэж ойлгогдохоор сурталчилж байгаа нь тогтоогджээ.  Тиймээс Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар хэрэглэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэн 5,000,000 төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Лхагва “ШӨХТГ-аас олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагуудад хэрэглэгчийн эрхийг зөрчсөн хууль бус зар сурталчилгааг түгээхгүй байх талаар удаа дараа анхааруулга хүргүүлж, сургалт зохион байгуулсаар ирсэн. 

Гэвч “Сакуралайфмакс" ХХК болон олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагууд нь уг зөрчлөө арилгахгүй, хууль бус зар сурталчилгааг түгээсээр байна. Иймд зарим нэр бүхий телевизүүд  хууль бус үйлдлээ таслан зогсоогоогүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцохоо мэдэгдэж байна” хэмээн ярилаа. 

Түүнчлэн 2018 оны дөрөвдүгээр сарын 04-ны өдрийн TV-9 телевизийн “Монгол коммент" нэвтрүүлгээр шатахуун түгээх станцууд шатахуунаа дутуу шахаж байна гэсэн хэрэглэгчээс ирүүлсэн мэдээлэл гарсантай холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хяналт, шалгалтыг дөрөвдүгээр сарын 5-10-ны өдрүүдэд зохион байгуулжээ. Хяналт шалгалтын явцад “Монсуль” ХХК-ийн ШТС-7 салбарын Аи-92 автобензиний 2 дугаар шатахуун түгээгүүрийн улсын баталгаажилтын лац хөндөгдсөн зөрчил илэрчээ. Үүнтэй холбогдуулан Стандарт, хэмжил зүйн газрын улсын шалгагчтай хамтран тус салбарын Аи-92 автобензиний 2 дугаар шатахуун түгээгүүрийн улсын баталгаажилтыг шалган, холбогдох хуулийн дагуу “Монсуль” ХХК-д  5,000,000 төгрөгийн шийтгэл ногдуулж, зөрчлийг арилгуулан ажиллажээ.