Нийгмийн даатгалын сангийн төсөв 54.5 тэрбум төгрөгийн ашигтай байна

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2018 оны эхний 4 сарын гүйцэтгэлээр 2,492.6 тэрбум төгрөг, нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2,526.2 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 33.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс 251.9 тэрбум төгрөгөөр, тайлант хугацааны төлөвлөсөн дүнгээс 1,338.3 тэрбум төгрөгөөр тус тус буурч сайжирсан байна.

2018 оны эхний 4 сарын байдлаар улсын төсөв 194.6 тэрбум, эрүүл мэндийн даатгалын сан 3.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан ч орон нутгийн төсөв 109.9 тэрбум, нийгмийн даатгалын сангийн төсөв 54.5 тэрбум төгрөгийн тус тус ашигтай гарсан байна. 2018 оны эхний 4 сард нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого нь өнгөрсөн оны мөн үеэс 19.0 хувь буюу 398.2 тэрбум төгрөгөөр, мөн төсвийн нийт зарлага нь 6.1 хувь буюу 146.3 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн хэдий ч төсвийн нийт зарлагаас орлогын өсөлт өндөр байсан нь нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс 88.2 хувь буюу 251.9 тэрбум төгрөгөөр буурахад нөлөөлжээ.

Эх сурвалж: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс