Мод тарих үндэсний өдөр зарлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2010 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр гарсан байдаг.
Зарлигт дурдсанаар:
Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгож зарласан бөгөөд энэ өдөр маргааш буюу 2018 оны тавдугаар сарын 12-ний өдөр тохиож байна.
Дээрх зарлиг гарснаас хойш буюу 2010-2017 оны хооронд 16 удаагийн бүх нийтээр мод тарих өдрийг зохион байгуулсан бөгөөд нийт 1 сая 270 мянга гаруй иргэн 68.9 мянган аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож 10.5 сая мод тарьсан байна. Тарьсан моддоос 7.8 сая нь ургаж, амьдралын хувь нь 75 хувьд хүрчээ.
Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны Мод тарих үндэсний өдөр зарлах тухай зарлигт дурдсанчлан бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалах, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хандивлагч нарт уриалж байна.