Б.Эрдэнэ-Очир: Ханбогд хотынхоо Ерөнхий төлөвлөгөөг батлууллаа

- БИЗНЕСИЙН ТААТАЙ ОРЧНЫГ ХАНБОГД ХОТОД БИЙ БОЛГОНО -

Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Уужим-Од групп” компанийн захирал Б.Эрдэнэ-Очиртой ярилцлаа.

-Хот болох зорилт дэв­шүүлсэн Ханбогд сумын талаар ярилцлагаа эхэлье.  Энэ сум хот болсноор манай улсын эдийн засагт ямар давуу талууд бий болох вэ?

-Манай Ханбогд сум цаг агаарын болоод газар зүйн байршлын хувьд хот болох хамгийн тохиромжтой бүс нутаг. Жавар тачигнасан өвлийн улиралд нэмэх градус­тай өдрүүд олон. Монгол Улсын хамгийн дулаан цэгээс гадна сум орон нутгийн өөрийн гэсэн онцлогтой. Бид 2018 онд гурван түмэн тэмээ тоолуулж улсдаа тэргүүлсэн. Зуун жилийн түүхэнд анх удаа манай сумаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар төрлөө. Монголын хөгжилд томоохон түлхэц болох нөхцөл боломж нь бүрдсэн  сум  бол яах аргагүй Өмнөговь аймгийн Ханбогд сум юм. Дэргэдээ дэлхийн нэрийн хуудас болсон Оюутолгойн уурхайтай. Урд нь Гашуун сухайтын хилийн боомт байна. Ерөнхий сайдын санаачилсан Шинэ сэр­гэлтийн бодлогын хүрээнд хилийн боомтуудыг хөгжүүлж, тээвэр ложистикийн сүлжээг сайжруулахын тулд бүтээн байгуулалтын   аж­лууд өрнүүлнэ гэж бай­гаа. Ханбогдод томоохон бү­тээн бай­гуулалтын ажлууд өрнөхийн хэрээр үүн рүү чиглэсэн эдийн засгийн урсгал эрчимжинэ. Тэгэхээр Ханбогд хот болсноор зөвхөн орон нутгийн төдийгүй Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулах юм.

-Таны хувьд Өмнөговь аймгийн ИТХ-д Ханбогд сумаа төлөөлөн гурав дахь удаа улиран сонгогдсон. Сонгуульт ажлын тань мө­рийн хөтөлбөрөөс Ханбогд сумаа хот болгох туйлын  зорилго тэмүүлэлтэй нь шууд уншигддаг. Тэр ут­гаараа оны өмнөхөн Ханбогд хотын ерөнхий төлөвлөгөөг аймгийн Иргэдийн төлөө­лөгчдийн хурлаар  батлууллаа. Ханбогд хотыг ямар хөрөн­гийн эх үүсвэрээр босгох вэ?

-Миний бие намынхаа мөрийн  хөтөлбөрийн  ам­лалтыг биелүүлэхийн төлөө чармайн ажиллаж байгаа. Монголчууд Ханбогдыг Эрдэнэт хоттой жишиж, шүүмж­лэх нь элбэг байдаг шүү дээ. Оюу толгой төсөл эхлээд 10 гаруй жилийн нүүрийг үзэж байхад Ханбогд сумыг Эрдэнэт хот шиг сүндэр­лэсэн­гүй гэдэг. Тэгвэл Эрдэнэт бол орос ах нарын байгуулж өгсөн хот. Харин Оюу толгойн орд газар Эрдэнэтээс  нэлээд  том. Үүнийг дагасан том хот байгуулагдах ёстой гэж орон нутгийн иргэд төдийгүй монголчууд үздэг. Ханбогд хотыг хэн байгуулах вэ гэдэг асуудлын цаана Монголын төр үү, эсвэл Оюутолгой ком­­­­пани уу, магадгүй нутгийн иргэд өөрсдөө оролцох уу гэсэн хүлээлт байсаар  ирсэн. Мэдээж гаднаас хэн нэгэн ирээд бариад өгөхгүй нь тодорхой. Оюутолгой бай­гуул­­­чихгүй. Улс маань ч тэр их хэмжээний хөрөнгийг төсөв­­­лөх эдийн засгийн бо­ломж­­­гүй.

Тэгэхээр төр бод­логоороо зохицуулж, үйл ажил­­­­­ла­гаа­нуудыг уяж нэгтгэн  чиг­лүүлж өгвөл нутгийн ир­гэдийн оролцоотойгоор Хан­богд хот түвэггүй сүндэр­лээд ирнэ. Сүүлийн жилүүдэд орон нутгийн хувьд Оюутол­гойн хөрөнгө оруулагчидтай хамтын ажиллагаа өрнүүлэх тал дээр нааштай ойлголцож байгаа.

Манай ханбогдчууд хо­тын Ерөнхий төлөвлөгөөгөө хэд, хэдэн удаа батлуулсан ч тэр нь ажил хэрэг болохгүй цаа­сан дээр явсаар олон ч удаа өөрчлөгдөж, шинэч­лэгд­сэн. Ингээд оны өмнөхөн Ханбогд хотын­хоо ерөнхий төлөвлөгөөгөө айм­гийн ИТХ-аар батлуулж, Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлээд байна. Үүнийг батлуулахад Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар үүрэг ройлтой оролцож байгаад  нут­гийн хүний хувьд ихэд олзуурхаж байгаа. Б.Мөнхбаатар сайд өмнө “Эрдэнэс Оюутолгой”-н ТУЗ-д байсан болохоор бодлогын асуудлуудыг сайн мэдэх хүн. Тиймдээ ч Ханбогд сум хот болох ёстой гэдгийг нэлээд ярьж ирсэн хүний нэг. Ямартай ч нутгийн иргэд бид бүхэн Ханбогдоо хот болох том мөрөөдлөөр орон нутгийн хэмжээнд бодлого төлөвлөлтөө тодорхойлж ирсэн. Хот босно гэдэг бол өөрөө цаг хугацаа, санхүү, эдийн засгийн хувьд асар том зүйл. Тэгэхээр хувь хүн, иргэн бүрийн хүчин зүтгэл, чармайлт чухал л даа. 

Өмнөговь аймаг, Ханбогд сумын Ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл

-ХӨДӨӨ АЖ АХУЙ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖСЭН ОЛОН ТАЛТ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛНЭ-

-Ханбогд хотын ерөнхий төлөв­лөгөөг яам хэзээ батлах бол. Том зургаар нь харвал ямар бүтээн байгуулалтууд тэнд өрнөх вэ?

-Мэдээж уул уурхайг түшиглэсэн хөдөө аж ахуй, аялал жуулчлалыг дэмжсэн олон талт хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхийг зорьж байгаа. Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжууд байна. Хөдөө аж ахуйн чиглэлээр мал аж ахуй, газар тариалан хөгжүүлэх гарц шийдлүүд ч бий. Тэр дундаа Ханбогд маань Галбын улаан тэмээгээрээ алдартай сум. Галбын улаан тэмээнийхээ ашиг шимээр үйлд­вэр үйлчилгээ явуулж, эдийн зас­гийн эргэлтэд оруулах талын ажил нэлээд учир дутагдалтай бай­на л даа. Нэн түрүүнд тэмээний ноос боловсруулах үйлдвэрийг бий бол­гоё гэж төлөвлөсөн. Бид зөвхөн төр засгийг хараад зүгээр суугаагүй. Хувийн хэвшлийнхэнтэй ойлголцоод энэ чиглэлийн ажлуудыг явуулахыг зорьж байгаа. Мөн ноолуур, болон арьс шир боловсруулах үйлдвэрүүд барихаар төлөвлөж, зүтгэж байна.  Мөн “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан” ТББ-ын хөрөнгөөр Малын эрүүл мэндийн төвийг сумандаа байгуулсан. Энд зөвхөн өмнийн говийнхон гэлтгүй ойролцоох аймаг, сумдын малчид малынхаа мах, сүү, цагаан идээг шинжлүүлээд Ганц мод, Гашуун сухайтын боомтоор экспортлох бүрэн боломжтой болсон.  Бизнес эрхлэгчид, малчид, ногоочдыг дэмжиж чанартай, эрүүл аюулгүй бараа бүтээгдэхүүн уул уурхайн компанид нийлүүлэх хүрээнд энэ лабораторийг байгуулсан.

Ерөнхий төлөвлөгөөгөөр Ханбогд сум хэрхэн тэлж хөгжих үү, орон сууц нь хаанаа байх, нийтийн үйлчилгээ нь хаагуураа байрлах вэ зэрэг бү­тээн байгуулалтуудын нэгдсэн зэрэг, төлөвлөлтөө бүх шатандаа батлаад гар­гаад ирлээ л дээ. Үүнийхээ дагуу бүтээн байгуулалт, хөрөнгө оруу­лал­тын ажлууд шат дараатайгаар яваг­дана.

Өнөөдөр зөвхөн Оюутолгойд кэмпийн зохион байгуулалтаар арав гаруй мянган хүн ажиллаж, амьдарч байна. Уул уурхайг дагасан хүний хөл нэмэгдэхийн сацуу тээвэр ложистикийн чиглэл рүү түлхүү үйл ажиллагаа явж байгаа. Зөвхөн Оюутолгойг дага­сан бизнес эрхлэгчдээ тойлох биш бүх салбараа дэмжиж, хөгжлийн төлөв­лөгөө­тэйгөө хослуулж явах нь бидний баримтлах том бодлого гэж харж байгаа.

-Ингэхэд Оюутолгой болон нутгийн иргэдийн хоорондын харилцаа, хамтын ажиллагаа ямар байна вэ?

-Би 2012 онд аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч болоод Оюутол­гой­той орон нутгийн иргэд ямар харил­цаатай байдаг юм, бизнес эрхлэгчид ямар үйл ажиллагаанд оролцдог юм, Оюутолгойн зүгээс орон нутаг руу ямар хөрөнгө оруулалтыг хийв гэдгийг сонирхсон юм. Гэвч тэр үед цохоод нэрлэчихээр ажил юу ч байгаагүй. Асар том нөөц ордын дэргэд байдаг сум суурингаа өнгөтэй, өөдтэй болгож хөгжүүлэх хэрэгтэй байдаг. Эмнэлэг, сургууль, үйлчилгээний газруудыг нэмэгдүүлэхээс эхлээд зам, дэд бүт­­цийн ажлуудыг хийх цаг үеийн хэрэгцээ шаардлага зайлшгүй байв. Ийм байдлаар удаан явж болохгүйг хөндөж, Оюутолгойтой нэлээд чанга­хан ярьсан. Байгалийн баялаг хэзээ нэгэн цагт шавхагдана. Тэр үед нутгийн иргэд л энэ онгорхой хар нүхийг сахиад үлдэнэ. Хамаг баялагаа өгчихөөд нутгийн иргэд нь ямар ч орлогогүй, бизнесгүй байж таарахгүй гээд тэр үедээ ширүүхэн үзсэн л дээ. Манай нутгийн иргэд ч Оюутолгойн талаар ойлголт муутай, үзэн ядсан шинжтэй байсан. Багийн хурал хийхээр хөрөнгө оруулагчид руу дайрч давшилсан, уурлаж бухимдсан улсууд байгаад байдаг. Хөрөнгө оруулагчид, нутгийн иргэдийн хоорондын харилцаа ийм байхад цаашид сайн сайхан зүйл яриад ямар ч нэмэргүй шүү дээ. Иймд хамгийн түрүүнд тэдний харилцаа, хандлагыг эерэг болгох хэрэгтэй юм байна гэдгийг олж хараад хэрхэн хамтарч ажиллах боломжийг эрэлхийлж, гарц шийдлүүдээ ч олсон. Ханбогд суманд хаалттай тендерүүд зарлаад Оюутолгойн үйл ажиллагаанд нутгийн аж ахуйн нэгжүүдийг оруулах боломжуудыг бий болгосон. Тэр үед орон нутгийн нэг ч компани байгаагүй. Харин өнөөдөр зөвхөн Ханбогдын 70 гаруй аж ахуйн нэгж Оюутолгойтой өдөр тутмын үйл ажиллагаа эрхэлж байна. Өмнөговийн хэмжээнд нийт 120 компани үйл ажиллагаа явуулдаг болсон байна. Үүгээр дамжуулаад орон нутгийн төсөвт 110 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт орсон.

-ОЮУТОЛГОЙ ХХК СУМ ОРОН НУТГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛ ДЭЭР БОДЛОГЫН ХУВЬД ИХЭЭХЭН ДЭМЖИЖ БАЙГАА-

-Ханбогд  суманд  сүүлийн жилүүдэд ямар бүтээн байгуулалтууд өрнөв?

- Стратегийн ач холбогдол бүхий том ордыг дагасан хөгжлийн хөрөнгө оруулалтуудыг хэрхэн үр өгөөжтэйгээр татах уу гэдэг асуудлууд он удаан жил яригдаж, эхнээсээ бодитоор ажил хэрэг болоод явж байгаа.

Ханбогд сум-Өмнөговь аймаг-Оюутолгой ХХК-ийн гурван талт хамтын ажиллагааны хүрээнд “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан” ТББ-ыг байгуулж, жил бүр таван сая ам.долларыг Өмнө­­говь аймгийн хөгж­лийн хөрөнгө оруу­лалт, бүтээн байгуу­лал­тад зориулж олгодог боллоо.

Миний бие “Говийн Оюу хөгжлийг дэмжих  сан”-г байгуулагдахад анхнаас нь орж ажилласан хүний хувьд орон нутаг дахь бүтээн байгуулалтын ажлуудад онцгой анхаарч ирсэн. Тус сангийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн бүтээн байгуулалтын ажлууд олон бий.

Мөн Оюутолгой компанийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажил ч их бий. Тухайлбал, Оюутолгой-Ханбогдыг холбосон 35 км-ын хатуу хучилттай засмал зам, цахилгааны шугам сүлжээ, 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг бүхий цогцолбор, Малын эрүүл мэндийн төвийг барьж байгуулан ашиглалтад оруулсан. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Оюутолгойтой хамтраад инженерийн шугам сүлжээ, Цэвэр усан хангамжийн төв, Цэвэрлэх байгууламжййг шийдэж өгсөн. Ханбогд сум 35 мянган хүн амьдрахад хүрэлцээ бүхий  цэвэр ус, цэвэрлэх байгууламжтай боллоо. Газар доорх инженерийн шугам сүлжээгээ гэр хороолол, айл өрхүүд, аж ахуйн нэгжүүдэд холбоод явж байна. Бид бүхэн газар доорх бүтээн байгуулалтаа хийчихлээ. Одоо газар дээрх байгууламж зам харилцаа, барил­га бүтээн байгуулалт, эмнэлэг, сур­гуулийг сайжруулах, орон сууц­жуулах аж­луудыг түлхүү хийхээр төлөвлөж байна.

Сүүлийн жилүүдэд Оюутолгой компани сум орон нутгийг хөгжүүлэх тал дээр бодлогын хувьд ихээхэн дэмжиж байгаа. Ханбогдыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө батлагдсантай холбоотойгоор хоёр талаасаа бүтээн байгуулалтын ямар ажлуудыг хэрхэн уялдаатай хийх талаар ярилцаад явж байна. Ямартай ч

Ханбогд сум хүн амьдрахад таатай, тохь, тухтай ЭКО хот болно.

Түүнчлэн Ханбогд суманд бизнес эрхлэгчид рүү чиглэсэн үйл ажиллагаанууд нэлээд идэвхтэй явагдаж байгаа. Хот болох зорилгынхоо хүрээнд бодлогоо чиглүүлэн ажиллаж байна.

 

Өмнөговь аймаг, Ханбогд сум, Орон сууцны хороолол

-Оюутолгой ХХК, Гашуунсухайт хилийн боомтыг чиглэсэн иргэдийн нүүдэл Ханбогд суманд ихээр төвлөрдөг байх. Танай сумын хүн амын тоо хэд байгаа вэ?

-Манай сумын хүн ам жил ирэх бүр өнөр өтгөн болж байгаа. Өнөөдрийн байдлаар Ханбогд суманд бүртгэлтэй хүний тоо 8 мянга гаруй байгаа бол хөдөл­гөөнт хүн ам 15-20 мянгад хүрсэн. Бид Оюутолгойд  ажилладаг  ажилч­дыг үе шаттайгаар орон нутагт суурь­шуулах, амьдруулах, асуудлуудыг Оюутолгой компанитай ярьж ирсэн л дээ. Оюутолгойд ажиллаж байгаа ажилчдын амьдрах нөхцөл, боломжийг нь бүрдүүлэх тал дээр ихээхэн учир дутаг­далтай байсаар ирсэн. Оюу толгойд хуарангийн маягаар ажиллаж, амьдарч ирсэн арав гаруй мянган залуусын нөхцөл байдал хэдий болтол үргэлжлэх үү гэдгийг бид тухайн компанид байнга тавьдаг. Айл өрх халуун ам бү­лээрээ байхад амьдрал нь ая тухтай, аз жаргалтай байдаг шүү дээ. Тэр хэрээр ажлын бүтээмж илүү байна. Тэнд ажиллаж байгаа залууст ийм боломжийг нь бүрдүүлж өгөх ёстой. Энэ ажил бодлогоор хэрэгжээд эхэлбэл Ханбогд сум хүрээгээ тэлнэ. Иргэдийн ахуй амьдралаа авч явахад бизнесийн таатай орчныг Ханбогдод бий болгоно. Тэнд олон монголчууд маань очиж амьдраасай гэж энэ нутгийн унаган хүний хувьд хүсч, урьж байна.

-ХАНБОГД СУМАНД 1500 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ СУУРИА ТАВЬЖ, ЭХНЭЭСЭЭ АШИГЛАЛТАД ОРЛОО-

-“Уужим-Од групп” компани Хан­богд суманд анхны орон сууц­ны хорооллыг барьж, эхнээсээ ашиг­лалтад оржээ. Оюутолгойд өдөр тутам­даа 10 гаруй мянган иргэн ажил­лаж, амьдардаг гэлээ. Орон сууц­ны хороололтой болсноор иргэдийн хэрэгцээ, шаарлага ямар байна вэ?

-Ханбогд сум маань хот болсноор нийслэл Улаанбаатарын бөөгнөрлийг хөдөөд сааруулах зорилготой. Мэдээж уул уурхай дагасан их нүүдэл энд бий болно. Энэ асуудлыг байнга ярьсаар ирсэн. Өнгөрсөн 13 жилийн хугацаанд бид бүхэн Ханбогдыг хот болгох зөвхөн дэд бүтцийн асуудлыг эхний ээлжинд шийдлээ.

“Уужим-Од групп” компани Хан­богдод 1500 айлын орон сууц бариад эхэл­чихсэн. Одоогийн байдлаар 180 айлын орон сууц баригдаж, оны өмнө­хөн Улсын комисс хүлээж аваад эхний 40 айл байрандаа ороод байна. Орон сууц­ны хороолол босгоод ирэнгүүт нут­гийн иргэдийн эрэлт ихээр нэмэгдэж байна. Говь нутагтаа халуун, хүйтэн ус, бохирыг нь шийдсэн тохьтой, дулаан байранд хүмүүс амьдрахыг эрхэмлэж байгаа. Оюутолгойгоос хүртэл залуус маш их хандаж, гэр бүлээ нүүлгэж ирээд  амьдрах хүсэлтэйгээ илэрхийлж, тэр хэрээр орон сууцны эрэлт нэмэгдэх болсон. 

Шинэ Ханбогд хотхоны 180 айлын орон сууц ашиглалтад орлоо

Ханбогд хотын концепци маань анхнаасаа хүнээ бодсон бодлоготой. Аль болох хотын стандартаар бүтээн байгуулалтаа өрнүүлнэ. Орон сууцны хотхон гэхэд дотроо Худалдааны төв, спорт, урлагийн заал, танхим, супермаркет, залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсрон өнгөрүүлэхэд зориулсан цогц шийдлүүдийг цогцоор нь төлөвлөсөн. Тохижилт нь эко ногоон байгууламжтай байх юм. Ер нь орон сууцны хотхон бүрэн ашиглалтад ороход 500 гаруй ажлын байр бий болно.

-Ханбогд хотыг байгуулах са­налаа та гадаад  дотоодын хөрөнгө оруулагчдад тавьж байв уу?

-Энэ нутагтаа төрж өссөн, бизнес эрхэлдэг хүний хувьд Ханбогд хот байгуулах төслийг эхлүүлэх гэж олон жил төлөвлөж, хөөцөлдөж явна. Япон, Солонгос, Хятадын барилгын компаниудыг орон нутагтаа авчраад “Ирээдүйд энэ сум хот болно. Та нар хөрөнгө оруулалт хий, хамтаръя” гэсэн саналыг нэлээд тавьсан. Хөдөөний зэлүүдхэн газар бүхэл бүтэн хот болчихно гэдэгт хөрөнгө оруулагчид итгэл үнэмшил багатай байсан. Ямарваа нэгэн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд цаана нь эрсдэл, баталгаа зэргээ хөрөнгө оруулагчид тооцож байж хөдөлдөг. Тэгэхээр энд гадны хөрөнгө оруулагчид орж ирэхэд амаргүй. Цаана нь төр юм уу ямар нэгэн компани баталгаа гаргаад өгөх юм бол өөр түвшинд биеллээ олох боломжтой. Миний бие барилгын топ компаниудтайгаа хамтарсан компани байгуулаад явсан. Энэ том зорилгыг биелүүлэхэд нутгийн иргэд өөрсдөө эрсдэл үүрч, ханцуй шамлаж, оройлон уриалж оролцохгүй бол өөр хэн нэгэн зориглож орж ирэхгүй юм байна гэдгийг яс махандаа мэдэртэл ойлгосон.

Тэр утгаараа “Уужим-Од групп” барилгын компани байгуулж, хотын суурь тавих ачааг өөрөө үүрэх ёстой юм байна гээд ханцуй шамлан орсон доо. Ингээд ерөнхий төлөвлөлт хийгээд 1500 айлын орон сууцны барилгын ажлыг эх­лүүллээ. Улаанбаатар хот дахь бүхий л үйлчилгээг иргэд орон нутагтаа авдаг болно.

Орон сууцны хотхондоо хүмүүсийн ая тухтай амьдралын хэв маягийг эрхэмлэж, залуусын амралт чө­лөөт цагаа өнгөрүүлэх тэр бүх боломжийг бүрдүүлэхээр зорьж байгаа. Соёл урлаг, энтертаймент үйлчилгээг ч цогцлооно.

 "Шинэ Ханбогд хотхон"-ы Орон сууцны хэсэг

 "Шинэ Ханбогд хотхон"-ы Худалдааны төв 

-Мэдээж хоосон байсан газар та “мөс хагалж” томоохон эрсдэл үүрчээ. Өнгөрсөн хугацаанд ямар хүндрэл бэрхшээлүүдийг даван туулав?

-Цар тахалтай хоёр жилийн хуга­цаанд Монголд маш олон бизнесийн салбар хүнд байдалд орлоо. Бид ч тодорхой эрсдлүүдийг даван туулж ирлээ. Хотынхоо суурийг эхлүүлэх гээд гадны хөрөнгө оруулагч авчирсан. Монголчуудтайгаа ч нэгдэх гэж үзсэн боловч амжилт олоогүй. Тэглээ гээд том зорилгоосоо буцаагүй.

Миний үүрч байгаа эрсдэлийн цаана хүлээлт байгаа юм байна гэдгийг ойлгосон. Ханбогд сум хурдан хот болоосой, эхний ээлжинд орон сууц ашиглалтад ороосой гэсэн олон хүний хүсэл намайг зоригтой шийдвэр гаргахад бас нэг түлхэц болсон. Иргэд ирээдүйд энэ нутагт гэрэл гэгээ байна  гэдгийг хараад байна л даа.

Оюутолгой ком­­панитай бодлогоо нэгтгээд нэгэн чигт хамтраад явах юм бол Хан­богд хот босоход амархан. Оюутолгойд ажиллаж байгаа хүмүүсээс судалгаа авахад 70 гаруй хувь нь тэнд орон сууц баригдвал гэр бүлтэйгээ амьдарна гэж хариулсан байна лээ. Сүүлд Оюутолгой 10 мянган хүнээс судалгаа авахад дийлэнх хувь нь ингэж хариулсан байгаа юм. Хүн хэдэн жил хуарангийн системээр ажиллаж, амьдрах уу. Үнэхээр залхаж байна шүү дээ. Дээрээс нь Оюутолгой жилдээ нэг хүнд 12 мянган ам.доллар зарцуулдаг гэсэн судалгаа байдаг. Хэрэв тэдгээр ажилчдаа орон сууцны нөхцөл боломжоор хангавал тэр их үргүй зардал нь хэмнэгдэнэ.

Одоо энэ цаг үед Засгийн газар, Оюутолгойн хөрөнгө оруулагчдын хэлэлцээр эд явагдаж байгаа. Цаг хуга­цааны хувьд түүхэн боломж ирчихээд байна л даа. Яагаад гэвэл хөрөнгө оруулалтын гэрээнд орон нутагт хийх бүтээн байгуулалтын талаар ямар ч заалт байдаггүй. Тэгвэл хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээрт орон нутагтай  хэрхэн  хамтарч  ажиллаж, ямар  бүтээн  бай­гуулалт өрнүүлэх  талын заалтыг бод­логын хэмжээнд оруулах талаар санал бодлоо хэлж байгаа. Оюутолгойтой ч  бид  Ханбогд хот байгуулахад хэрхэн хамтран  ажиллах боломжуудын талаар ойлголцохыг хичээж байна.

-МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖИЛ ӨМНИЙН ГОВЬД БАЙНА-

-Өмнөговь түүхэндээ анх удаа өндөр дүнтэй төсөв баталсан харагдсан. Ханбогд суманд хэдий хэмжээний төсөв батлагдав?

-Өмнөговь аймагт жил ирэх тусам хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс олон хууль шинээр хэрэгжиж эхэллээ. Энэ хуультай холбоотойгоор орон нутгийн эрх мэдэл, орлогоо олох, татвар тогтоох боломжуууд нь нээгдэж байна л даа. Өөрөөр хэлбэл, төсөв бүрдүүлэх, төсвөө захиран зарцуулах эрх нь орон нутагт ирж байгаа. Өмнөговь аймаг түүхэндээ анх удаа 450 гаруй тэрбум төгрөгийн төсөв баталлаа. Ханбогд сум маань өөрөө төсвөө бүрдүүлээд давсан орлогоо аймагтаа өгдөг цөөн сумдын нэг нь. Ханбогд сум өнөө жил 60 орчим тэрбум төгрөгийн төсөв баталлаа. Ингээд харахаар Монгол Улсын эдийн засаг, хөгжил Өмнийн говьд байна. Монголчуудын ирээдүйн баталгаа тэнд л байна. Нэгэнт байгалийн асар том нөөцтэй, уул уурхай явж байгаа юм чинь эдийн засгаа солонгоруулж, хөгжүүлэх том боломжтой.

-Уул уурхайг дагасан бүтээн байгуулалт өрнөхийн хэрээр ундны усны асуудал хөндөгдөнө. Үүнийг яаж шийдэх ёстой вэ?

-Орон нутагтаа үйлдвэр хөгжүүлэх, бү­тээн  байгуулалт өөрнүүлэхэд  зайлшгүй ус­ны асуудал хөндөгдөнө. Манай  намын  мө­рийн хөтөлбөрт Орхон, Онги голын усыг татах талаар тусгагдсан байгаа. Энэ төсөл хэрэгжсэнээр олон ажлын байр бий болж, олон үйлдвэр шинээр бай­гуулагдана. Говьчууд бид энэ тө­сөлд ихээхэн ач холбогдол өгч, өндөр хүлээлттэй байгаа. Нутгийн хүний хувьд миний бие энэ төслийг ажил хэрэг болгох тал дээр санал бодлоо илэрхийлээд явж байна. Байгаль орчны сайд асан Н.Цэрэнбат Эрдэнэс Оюутол­гойн ТУЗ-ийн даргаар ирлээ. Өөрөө энэ салбарын яамыг толгойлж, бодлого тодорхойлж байсан хүний хувьд энэ төс­лийг шуурхай эхлүүлэх байх гэж харж байгаа.

Оюутолгой компанийн унд, ахуйн ус ашиглахтай холбоотой зайлшгүй анхаарч, тогтоол шийдвэрт нь өөрчлөлт оруулах нэг асуудал бий.

Тодруулбал, Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Оюутолгой компанийг унд, ахуйн ус­ны төлбөрөөс чөлөөлсөн байдаг. Энэ тогтоол, шийдвэрийг эргэн харж унд, ахуйн усны төлбөрийг тухайн орон нутгийн эрх бүхий байгууллагын тог­тоосон үнэ тарифын дагуу төлж, тэрхүү төл­бөрийг нь орон нутгийн төсөвт төвлөрүүлэх ёстой. 

-Монголчууд маань харийн орон руу хар ажил хийх гэж зорихын оронд Ханбогд руу тэмүүлдэг болно гэж харлаа?

-Тэгэлгүй яахав. Өмнө нь орон нутгаас хот руу шилжилт хөдөлгөөн их байсан. Суурин хотын хөгжил, орон сууцжуулалтыг дагаад соёл, боловсролын түвшин, орчин нөхцөл сайжирч, иргэд нь хөгжинө. Амьдрах таатай орчин, нийгмийн дэд бүтэц бүр­дээд ирэхээр цөөхөн монголчууд маань заавал гэр бүлээ орхин байж ха­рийн нутагт очиж ажиллахыг хүсэх­гүй. Эдийн засгийн нөхцөл сайтай газар руу шил­жилт хөдөлгөөн тасрахгүй байх гэсэн хү­­лээлт харагдаж байгаа. Оюутолгойн кэмпийн системтэй ажилтнууд өдөр тутмын хэв маягийн амьдрал руу шил­жээд ирэхээр Ханбогдыг чиглэсэн нүүдэл нэмэгдэнэ. Үүнтэй холбоотой ажлын байрууд олноор бий болно. Тэгэ­хээр тогтвортой, тасралтгүй ор­лого­той өрхийн тоог нэмэгдүүлэх нь улсын хөгжлийн гол бодлого. Өрх бү­рийг ажлын байр, орлогын эх үүсвэртэй болговол баялаг дагасан орон нутгийн хөгжил тогтвортой болно.

-Ханбогдыг аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэх бо­лом­жийн талаар та дээр дурдсан. Ямар төлөвлөлт хийгдсэн юм бол?

-Аялал  жуулчлал  хөгжихөөр үйл­чилгээний чанар стандарт хүртэл да­гаад сайжирна. Хот төлөвлөлтийн хү­рээнд Худалдааны гудамжийг байгуу­лахаар зорьж байгаа. Аль ч суурин га­зар очоод иргэд наад захын хэрэгцээ шаардлагатаа нийц­сэн үйл­чилгээ авчихдаг бүтээн байгуу­лалтуудыг цогцлооно.

-Экпортод чиглэсэн үйлдвэр­жилтийг орон нутагт хөгжүүлнэ гэлээ. Нутгийн брэндийг хэрхэн бий болгох боломжтой гэж та харж байна вэ?

-Дээр дурдсанчлан Ханбогд сум Гал­бын улаан тэмээгээрээ алдартай. Иймд бид тэмээнийхээ үүлдрийг баталгаажуулж авлаа.  Өнөө жил илүү нугаламтай  Гавилууд  хониныхоо омгийг баталгаажуулсан.

Ханбогдын бодлого бол дан ганц уул уурхай биш, хөдөө аж ахуй, аялал жуулчлалаа хослуулж явъя гэсэн хөгжлийн стратегийг харж байгаа юм.

Оюутолгой том уурхай дэргэд байна. Гашуунсухайтын хилийн боомт бай­на. Үүнийг дагасан эдийн засгийн эргэлтэд хүн ардаа ажилтай, орлоготой байл­­гая. Нутгийн иргэдийн орлого олох боломжийг нь бүх талаар эрэлхийлж, Оюутолгой компанийн эдийн засгийн урсгал, өдөр тутмын ажилд нь Хан­богдын­хоо компаниудыг оруулахад анхаарч ажилласаар ирлээ. Эдгээр компаниуд маань улсынхаа эдийн засагт хувь нэмрээ оруулж, Үндэсний шилдэг татвар төлөгч аж ахуй нэгжүүд төрөн гарсан. Ер нь бизнес эрхлэгчдээ  Оюутолгой компанийн өдөр тут­мын үйл ажиллагаанд оруулахыг зорь­дог доо. Тэнд боломжууд байна. Тухайн аж ахуйн нэгжүүдийн чадавхийг дээш­лүүлье. Сургалт, үйл ажиллагаа чухал байна. Дэлхийн топ уул уурхайн компанийн үйл ажиллагааг том соёл авч явж байна. Энэ соёлд нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүд суралцаж байна. Энэ нь Ханбогдын хөгжилд хувь нэмэр оруулж байгаа нь үнэхээр бахархам.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

М.Мөнхцэцэг