Өнөөдрийн ялалтын баярын гол баатрууд бол аугаа эх орны дайн болон дэлхийн 2 р дайнд тулалдаж явсан ахмад дайчид юм. Оросын хөдөлмөрийн яамны хэвлэлийн албанаас өчигдөр мэдээлснээр бол ОХУ-д өнөөдөр аугаа эх орны дайны 1,6 сая ахмад дайчин амьдарч байгаагаас 16691 нд аугаа эх орны дайны шархдаж хөгжлийн бэрхшээлтэй болсон ахмадууд юм байна.
Ахмад дайчдын статистик мэдээллийг маш нарийн гаргасан байна. Хөдөлмөрийн яамнаас танилцуулснаар бол эх орны дайны үеэр агаарын довтолгооноос хамгаалах байгууламжуудад ажиллаж байсан хүмүүсээс 80367 хүн үлдсэн байгаа юм байна. мөн Ленинградын бүслэлтэд орж их өлсгөлөн, дайны гамшгийг гарч чадсан 105338 хүн өнөөдөр амьд сэрүүн байгааг тогтоосон байна. Мөн дайны жилүүдэд фашистуудад олзлогдож концлагериудад хоригдож байсан 114778 хүн өнөөдөр Орост амьдарч байгаа юм байна.
Мөн дайны жилүүдэд ар талыг ханган ажиллаж байсан 941333, дайнд тулалдаж явсан, дайны уршгаар хөгжлийн бэрхшээлтэй болсон хүмүүсийн гэргий нараас 268 128 хүн амьдарч байгаа юм байна. Ахмад дайчид, дайны хүнд жилүүдэд ар талыг хангаж явсан энэ хүмүүсийг ийнхүү нарийн бүртгэдэг нь тэдэнд тусламж тэтгэмж үзүүлэхэд чухал ач холбогдолтой. Дайны хүнд жилүүдийг даван гарсан, эх орон, ард түмнийхээ төлөө баатарлаг гавьяа байгуулсан дайчдыг нэгийг нь үлдээлгүйгээр үр хойч үеийнхэн нь дурсч, төр засгийн зүгээс дэмжлэг үзүүлэх ёстой гэж Оросын засгийн газар үздэг юм.
Оросын тэтгэврийн сангийн мэдээгээр өнгөрсөн онд л гэхэд ахмад дайчдад дунджаар 17 -40 гаруй мянган рублийн тэтгэмж олгосон байна. Мөн 2005 оноос эхлэн 485 мянган ахмад дайчин Ерөнхийлөгчийн зарлигаар сар бүр мянган рублийн тэтгэмж авдаг болсон байна.
Эх сурвалж: Moнголын мэдээ