УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2018.05.08) хуралдаан 10 цаг 10 минутад 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг танилцуулав. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Л.Мөнхбаатар, Б.Дэлгэрсайхан нар санал хэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2018 оны тавдугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн “Нэр дэвшүүлэх тухай” саналыг хэлэлцэхээр төлөвлөсөнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар санал хэлэв. Тэрбээр “Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Тодруулбал, Авлигын эсрэг хуульд Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг чөлөөлөх, огцруулахтай холбоотой зохицуулалтыг тусгасан байдаг. Эдгээр албан тушаалтнууд нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхээр тогтоогдсон бол албан тушаалаас огцруулсанд тооцох зохицуулалттай. Харин Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг дараах гурван тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр хуульд тусгасан байгаа. Өөрөө хүсэлт гаргасан, биеийн эрүүл мэндийн байдлаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон эсвэл бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тохиолдолд.
Одоогоор Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нар өөрсдөө хүсэлт гаргаагүй байна. Эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжтой байгаа гэж ойлгож байна. Түүнчлэн эдгээр албан тушаалтнуудын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байгаа юм. Улсын Их Хурал Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор дээрх албан тушаалтнуудыг томилох эсэх асуудлыг хэлэлцээд Авилгын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилно” заасныг үндэслэн шийдвэрээ гаргасныг холбогдох баримтаас харж болно. Зарим тайлбарт дурдагдаад байгаа шиг дээрх хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь заалт буюу нөхөн томилогдсон албан тушаалтны бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ гэдэг заалтыг үндэслээгүй.
Өөрөөр хэлбэл, Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарын бүрэн эрхийг зургаан жилийн хугацаатайгаар томилсон УИХ-ын шийдвэр тухайн үедээ гарсан юм. Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 1.2-т “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн…” хэмээн заасан байдаг. Дээрх албан тушаалтнуудын бүрэн эрхийн асуудлыг хэлэлцэх хууль зүйн боломжгүй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал нь Авилгын эсрэг хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д “…Хуульд зааснаас бусад үндэслэлээр Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх буюу огцруулахыг хориглоно…” гэж заасантай зөрчилдөж байгаа. Үүнээс улбаалан Монгол Улсын Ерөнхийлөгчийн уг санал Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 70.1-т “…Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино…” гэснийг зөрчсөн байж болзошгүй.
Ийм нөхцөлд Хууль зүйн байнгын хороо уг саналыг хэлэлцэх, тодорхой санал, дүгнэлт гаргавал Улсын Их Хурал өөрөө Монгол Улсын Үндсэн хууль тэргүүтэй холбогдох хуулиудыг зөрчих тул өнөөдрийн Байнгын хорооны хуралдаанаар Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байна” гэлээ. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хууль зүйн хувьд Улсын Их Хурал авч хэлэлцэх үндэслэлгүй хэмээн тайлбарлаад хууль зөрчсөн, агуулгын зөрчилтэй уг саналыг хэлэлцэхгүй байх горимын санал гаргав. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы гаргасан горимын саналаар санал хураалт явуулсан бөгөөд хуралдаанд оролцсон 15 гишүүний 80 хувь нь дэмжсэн.
Эх сурвалж: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс