Нийт 152 удаагийн дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газрын хэлтэс 102 иргэнийг аварчээ

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн: “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын танилцуулга” хийв. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд 14 хоногийн хугацаанд объектын гал түймрийн 132, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 20, нийт 152 удаагийн дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газрын хэлтэс, анги үүрэг гүйцэтгэж, 102 иргэнийг авран хамгаалсан.  

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны дуудлага 3 дахин өссөн, объектын гал түймрийн дуудлага 11.4 хувиар буурсан, нийт аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын тоо 1.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/278 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай соёл, урлаг, үзвэр үйлчилгээ, зах, томоохон худалдааны төвийн  барилга, байгууламжид НОБГ, НМХГ, НЦГ-аас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн хяналт, шалгалтыг 2018 оны 04 дүгээр сарын 02-23-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Шалгалтаар худалдааны төв 38, соёл урлаг, үзвэр үйлчилгээний 11 аж ахуйн нэгж, байгууллагын нийт 49 барилга, байгууламж хамрагдаж, Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, норм нормативыг зөрчсөн нийт 386 зөрчил илрүүлэн, шалгалтын явцад  43 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 343 зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн албан шаардлага 36, мэдэгдэл 14-ийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.

Хяналт шалгалттай холбогдуулан шалгалтын дүн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар 2018 оны 05 дугаар сарын 03-ний өдөр танилцуулж, хэлэлцүүлсэн бөгөөд Галын аюулгүй байдлын  тухай хууль тогтоомж, дүрэм, стандартыг зөрчсөн  “Барс-1”, “Барс-2”, “Драгон”, “Баянзүрх” худалдааны төвүүдийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, зөрчлийг арилгуулах шийдвэр гарсан” гэв.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс