“Дуулиан-2020” тэмцээн амжилттай өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 144 тоот зарлиг, БСШУСЯ-ны “Өсвөр үеийнхний хөлбөмбөг” хөтөлбөр, нийслэлийн “Аз жаргалтай хот” хөтөлбөр, МХБХ-ны “Нийтийн хөлбөмбөгийн жил”-ийн хүрээнд ЕБС-уудын сурагчдын дунд зохиогдсон “Дуулиан-2020” тэмцээн амжилттай өндөрлөлөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит тус тэмцээн арван хоёр жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. Тус тэмцээнд 86 сургуулийн давхардсан тоогоор 30 мянга орчим охид, хөвгүүд энэхүү тэмцээнд өрсөлдсөн байна. Дүүргийн АШТ-нээс эрхээ авсан нийт 124 багийн 1490 охид хөвгүүд нийслэлийн тэмцээнд өрсөлдөж, аваргуудаа шалгарууллаа.

Тэмцээнийг нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо, Их талын дуулиан ТББ-ууд хамтран зохион байгууллаа. Зургаан сарын турш үргэлжилсэн тус тэмцээний Охидын 11 насны ангилалд ХУД-ийн 34 дугаар сургууль нэгдүгээр байр, ХУД-ийн 10 дугаар сургууль хоёрдугаар байр, БЗД-ийн 85 дугаар сургууль гуравдугаар байр эзэлсэн байна.

Харин 13 насны ангилалд БЗД-ийн “English shcool of Mongolia” нэгдүгээр байр, СХД-ийн 106 дугаар сургууль хоёрдугаар байр, ХУД-ийн 10 дугаар сургууль гуравдугаар байрыг эзэлжээ.

Түүнчлэн 15 насны ангилалд БГД-ийн Оюуны Ундраа ЦС нэгдүгээр байр, ХУД-ийн 34 дугаар сургууль хоёрдугаар байр, БЗД-ийн 85 дугаар сургууль гуравдугаар байрыг эзэлсэн бол 17 насны ангилалд ХУД-ийн 26 дугаар сургууль нэгдүгээр байр, ХУД-ийн 41 дүгээр сургууль хоёрдугаар байр, БЗД-ийн “Амгалан” цогцолбор сургууль гуравдугаар байрыг эзэллээ.

Хөвгүүдийн 11 насны ангилалд БЗД-ийн 84 дүгээр сургууль нэгдүгээр байр, ХУД-ийн 41 дүгээр сургууль хоёрдугаар байр, СБД-ийн гуравдугаар сургууль гуравдугаар байр эзэлсэн байна.

13 насны ангилалд БГД-ийн Оюуны ундраа цогцолбор сургууль, БГД-ийн БГД-ийн “Шинэ эрин” сургууль хоёрдугаар байр, ХУД-ийн 41 дүгээр сургууль гуравдугаар байрыг эзэлсэн бол 15 насны ангилалд БГД-ийн “Оюуны Ундраа” цогцолбор сургууль нэгдүгээр байр, ХУД-ийн 41 дүгээр сургууль хоёрдугаар байр, БГД-ийн 28 дугаар сургууль гуравдугаар байр, 17 насны ангилалд БГД-ийн “Оюуны Ундраа” цогцолбор сургууль нэгдүгээр байр, БЗД-ийн 14 дүгээр сургууль хоёрдугаар байр, БГД-ийн 28 дугаар сургууль гуравдугаар байрыг эзлэв.

Тэмцээний хаалтын ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, ННБТСХ-ны дарга Ж.Ганболд, “Их талын дуулиан” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Б.Гантулга, удирдах зөвлөлийн гишүүн Ш.Норжинбат, Б.Жаргалмаа, ММБТСХ-ны дэд ерөнхийлөгч Б.Доржпалам тэргүүтэй хүндэт төлөөлөгчид оролцлоо.

Шилдгийн шилдгээр шалгарсан 12 оролцогчийг ОХУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-нийг үзэх урилгаар шагналаа.